Орхон аймгийн Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баяр наадмын хүрээнд зохион байгуулж буй "Хангайн бүсийн хурд" хурдан морины уралдааны азарганы уралдаан өндөрлөж, түрүү айраг тодорлоо.
Азарганы уралдаанд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат Д.Отгонлхагвын Солонго хүрэн азарга түрүү магнайд хурдалж, торгон жолоо өргүүлэв. Харин аман хүзүүнд Төв аймгийн Борнуур сумын уяач Монгол Улсын алдарт уяач М.Сайнзаяагийн шуранхай хүрэн азарга хурдалсан бол айргийн гуравт Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболдын хээр азарга, айргийн дөрөвт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Б.Баасантөгсийн хүрэн азарга, Монгол Улсын Тод манлай уяач Б.Ганбаатарын халиун азарга айргийн тавд хурдаллаа.
Ташрамд дурдахад, түрүү магнайд хурдалсан Солонго хүрэн азарга Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд айргийн гуравт хурдалсан. Мөн аман хүзүүдсэн Шуранхай хүрэн азарга Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд айргийн тавд хурдалж түмэн олноо баясгасан билээ.