"Гарааш зогсоолоос татвар авах хууль"-ийг Н.Энхбаярын ЗГ өргөн барьж Сү.Батболд, Л.Оюун-Эрдэнэ нарын танхим хэмжээг нь нэмэгдүүлж байжээ

"Гарааш зогсоолоос татвар авах хууль"-ийг Н.Энхбаярын ЗГ өргөн барьж Сү.Батболд, Л.Оюун-Эрдэнэ нарын танхим хэмжээг нь нэмэгдүүлж байжээ

Нийслэлийн иргэдийн гар утсанд дулаан зогсоол, гараашийн үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлөх тухай мессеж өнгөрсөн зуны эхэн сард ирж эхэлсэн. Гол усаар нэг гэдэг шиг ийм татвар төлж байгаагүй олон хүн гайхаж, шинээр татвар гаргаад ирэв үү гэх хардлага ч нийгэмд тархаж байв. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь хуулийн хүрээнд хэрэгжиж буй арга хэмжээ билээ.

- Н.ЭНХБАЯРЫН ЗАСГИЙН ГАЗАР "ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ"-ИЙГ САНААЧИЛЖ БАЙВ - 

Тодруулбал, "Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хууль"- ийн төслийг 2000 оны арваннэгдүгээр сард Н.Энхбаярын Засгийн газраас санаачлан батлуулж байжээ. Ингэхдээ “0.6” хувийн албан татвар авна хэмээн хуульчилсан юм.

- СҮ.БАТБОЛДЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАРААШААС АВАХ ТАТВАРЫГ 1.0 ХУВЬ БОЛГОЖЭЭ - 

Үүний дараа 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн өөрчлөлтөөр “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг  "Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг ...  аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-1.0 хувиар тооцож ногдуулна” хэмээн тусгасан байна. Тодруулбал, 2010 онд Сү.Батболдын Засгийн газар гараашаас авах татварыг 0.4 хувиар нэмэгдүүлсэн аж.

- Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАР ГАРААШААС АВАХ ТАТВАРЫГ 2 ХУВЬ БОЛГОЖ НЭМСЭН -

Тэгвэл 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Л.Оюун-Эрдэнэ засгийн эрхийг авснаас зургаан сарын дараа энэхүү тоог 0.6-2.0 болгон нэмжээ.

Улмаар мөн л Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед буюу 2024.06.05-нд оруулсан нэмэлт өөрчлөлтөндөө харьяалах газрын нэршлийг өөрчилсөн буюу жишээлбэл, "нийслэлд" гэснийг "нийслэл, нийслэлийн харьяа хотод" гэх мэтээр өөрчлөөд тус нэмэлт өөрчлөлтийн дөрөвдүгээр зүйлд “Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн заалтыг оруулжээ.

Харин "Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2024 оны зургаадугаар сарын 5-нд батлагдсан бөгөөд 2026 оны зургаадугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр хуульдаа тусгасан байна. Өмнө нь авдаггүй байсан татвар гэнэт гарч ирээд, иргэдийн "дон дон" хийж татварын мессеж ирээд байгаагийн учир энэ байх магадлалтай юм.

- Х.НЯМБААТАР НИТХ-ЫН ХУРАЛДААНААР НИЙСЛЭЛИЙН 204 ХОРООГ ТАВАН БҮСЧЛЭЛД ХУВААЖ, ТАТВАР АВАХ  ХЭМЖЭЭГ ТОГТООСОН- 

Энэ өөрчлөлтүүдийн завсраар буюу 2023 онд тухайн үеийн хотын дарга Х.Нямбаатар НИТХ-аар үл хөдлөх хөрөнгийн татварын бүсчлэлийг шинэчлэн батлуулжээ. Учир нь 2019 оноос хойш Улаанбаатар хотод 52 шинэ хороо байгуулагдсан бөгөөд хуучин тогтоолд эдгээр хороог татварын ангилалд хамруулаагүй байв. Ингээд нийслэлийн нийт 204 хороог бүсчилж, байршлаас нь хамааран 1.0, 0.8, 0.6 хувийн татвар ногдуулах тогтолцоог шинэчлэн баталсан байна. Ингэхдээ Улаанбаатар хотын 204 хороог таван бүсчлэлд хувааж гурван хэсэгт ангилсан бөгөөд I хэсгээс 1 хувь, II хэсгээс 0.8 хувь, III хэсгээс 0.6 хувийн татвар авахаар болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. ЭНД ДАРЖ УНШИНА УУ.




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө