Өнөөдөр Япон Улс болон ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн тоног төхөөрөмж, шинжилгээний урвалжыг холбогдох эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өглөө.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, “Умайн хүзүүний хорт хавдар бол урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх боломжтой өвчин. Монгол Улсад 2024 онд 521 эмэгтэй шинээр оношлогдож, 167 эмэгтэй энэ өвчний улмаас нас барсан байна. Тиймээс бид өвдсөний дараа эмчлэхээс илүүтэй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч байна. Монгол эмэгтэй урьдчилан сэргийлэх боломжтой өвчний улмаас амь насаа алдах ёсгүй. Энэ үйлсэд бодит дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй Япон Улс, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн Сан болон нийт түнш байгууллагууддаа талархал илэрхийлье” гэв.


