СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Увс, Завхан, Хөвсгөл аймагт сураггүй болсон гурван иргэнийг эрэн хайж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Увс, Завхан, Хөвсгөл аймагт сураггүй болсон гурван иргэнийг эрэн хайж байна

Увс, Завхан, Хөвсгөл аймагт нийт гурван хүн сураггүй алга болж, эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байна.

"УВС АЙМАГТ 26 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ 13 ДАХ ХОНОГТОО ЭРЭН ХАЙЖ БАЙНА"

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Машийн-Ам” гэдэг газар аравдугаар сарын 15-ны өдрийн 07:00 цагийн орчимд 26 настай эмэгтэй мал хайхаар яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг тухайн өдрийн 16:50 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, сумын мэргэжлийн анги, орон нутгийн иргэд болон ар гэрийнхэн нь аравдугаар сарын 16-ны өдрийн 01:16 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

"ЗАВХАН АЙМАГТ 54 НАСТАЙ ЭРЭГТЭЙ АЛГА БОЛЖЭЭ"

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд мод бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газарт ажиллахаар очсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, 54 настай эрэгтэй аравдугаар сарын 21-ний өдрийн 11:00 цагийн орчимд явганаар гараад сураггүй болжээ. Эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах хүсэлтийг сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсээс аравдугаар сарын 22-ны өдрийн 11:30 цагт хүлээн авсан байна. Тус сум дахь Онцгой байдлын хэлтэс болон Цагдаагийн хэлтсийн алба хаагчид тухайн өдөр эрлийг эхлүүлж, Солонготын давааны зам ангийн кемпээс Завхан аймгийн Их-Уул сум орох зам дагуух айл өрхүүд, Тосонцэнгэл сумын Оргих багийн “Дугантын хясаа”, “Доод харгана” зэрэг газарт явганаар болон автомашинаар эрэн хайх ажиллагаа явуулжээ. Эрлийн ажиллагааг нийт зургаан цаг 20 минут үргэлжлүүлсэн боловч үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул аравдугаар сарын 22-ны өдрийн 19:20 цагт түр зогсоосон байна.

"ХӨВСГӨЛ АЙМАГТ 46 НАСТАЙ ЭРЭГТЭЙ АЛГА БОЛЖЭЭ"

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Бөөрөлж багийн “Хашигийн бригад” гэдэг газар мод бэлтгэх ажил хийхээр очсон Түнэл сумын харьяат, 46 настай эрэгтэй есдүгээр сарын 18-ны өдөр “Цадигийн рашаан” гэдэг газар руу рашаан уухаар явганаар гараад сураггүй болжээ. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулсан боловч олдоогүй тул ар гэрийнхнээс нь аравдугаар сарын 24-ний өдрийн 10:30 цагт эрэн хайх ажиллагаа зохион байгуулах хүсэлт гаргасан байна. Улмаар Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, Эрдэнэбулган сумын мэргэжлийн анги болон нутгийн иргэд хамтран эрлийн ажиллагааг эхлүүлжээ. Тэд “Хашигийн бригад” гэдэг газраас баруун хойд зүгт 17 км-ийн зайд байрлах “Зүүн голын-Эх” гэдэг газраас “Улиадын-Ам” хүртэлх 13 км-ийн тойрогт эрэн хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул аравдугаар сарын 24-ний өдрийн 18:30 цагт эрлийн ажиллагааг түр зогсоожээ.




Өнөөдөр гахай өдөр

4 цагийн өмнө