“ЗОРИГ” уран сайхны кино нээлтээ хийнэ

“ЗОРИГ” уран сайхны кино нээлтээ хийнэ

Монголын кино урлагт нэгэн цоо шинэ, адал явдалт уран сайхны кино нээлтээ хийхэд бэлэн болжээ. White horse film -н бүтээл “ЗОРИГ” нэртэй энэхүү кинонд 1986-1996 оны хоорондох Монголын нийгмийн байдал, ард иргэдийн сэтгэлгээний өөрчлөлтийн тухай болоод залуу насны алдаа оноотой амьдралын түүхийг тодоор өгүүлэхийг зорьжээ.

Киноны гол дүрд сүүлийн үед залуучуудын дунд нэр хүндтэй яваа, авьяаслаг залуу жүжигчин О.Самданпүрэв тоглосон бөгөөд киноны туршид үргэлжлэх түүний амьдралын хэмнэл, огцом эргэлтүүд нь үзэгчдийн сонирхолыг ихэд татна уран бүтээлчид хэллээ. 

Тус киноны Ерөнхий найруулагчаар Б.Гарамханд, Ерөнхий зураглаачаар Б.Баатар, Кастинг хариуцсан найруулагчаар СТА, жүжигчин Н.Ялалт зэрэг одоо цагийн хамгийн шилдэг уран бүтээлч нэг дор цуглан баг болон ажиллажээ. Киноны зураг авалтын дийлэнх хувийг  2019 оны  8,9-р сард Дархан хотод хийсэн бөгөөд хамгийн олон хүний оролцоотой, компьютер график ажиллагаа орох томоохон хэсгийн зураг авалтуудыг энэ хавар Улаанбаатар хотноо гээд нийт 3 сар орчим хугацааг зөвхөн зураг авалтандаа зарцуулсан байна.

80,90 оны үйл явдлыг өгүүлж буй учир тус киноны  зураачийн баг олон хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж тухайн цаг үеийг санагдуулам орчныг бүхлээр бүрдүүлж, хувцас хэрэглэл дээрээ ч онцгой анхаарчээ. Мөн тус кинонд Монголын кино зураглаачдын ур чадварыг дахин нэг түвшин ахиулсан эрсдэлтэй, зураг авалтын шинэ технологиудыг гаргахыг хичээсэн байна.

Сонирхуулахад, нэг жилийн хугацаанд бүтсэн энэхүү кинонд гол дүрээс эхлээд олны хэсгийн гээд нийт 200 орчим жүжигчин оролцон тоглож кино уран бүтээлийн багт 100 гаруй хүмүүс ажиллаж, тухайн цаг үеийн 10 төрлийн 30 орчим машиныг оролцуулсан байна.

Ойрын жилүүдэд хийгдээгүй  өнгө төрх, шийдэлтэй, адал явдалт шинэ цагийн энэхүү кино нь  киноны салбарынхан төдийгүй, үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм.