“Бридж” Д.Ганхуягийн охин Номуундарийг хүчирхийлсэн гэх хэргийг хаажээ

“Бридж” Д.Ганхуягийн охин Номуундарийг хүчирхийлсэн гэх хэргийг хаажээ

УИХ-ын гишүүн асан “Бридж” Д.Ганхуягийн охин Г.Номуундарь 2017 оны арванхоёрдугаар сард хар тамхи болон хүчирхийллийн хэргийн хохирогч болсон талаараа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан билээ. Түүний мэдэгдлийн дараа Эрүүгийн цагдаагийн газраас хавтаст хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Улмаар Г.Номуундарийн мэдүүлгийн дагуу нэр бүхий 30 иргэнийг хүчирхийллийн болон хар тамхины хэрэгт холбогдуулан шалгаж, мөрдөн байцаалт явуулж байжээ. Шалгалтын явцад Г.Номуундарь болон түүний үеэл дүү Н нарыг хүчирхийлсэн гэх хэрэг нотлогдоогүй, нотлох баримт байхгүй гэх үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтын шатанд хаажээ.

Хэвлэлд мэдээлснээр хар тамхины хэргийг үргэлжлүүлэн шалгахад, бичлэгт  нэр дурдагдсан 30 хүний 14 нь Монгол Улсад байсан бөгөөд эдгээр хүмүүсийг биологийн шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээгээр бүгд хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон боловч Эрүүгийн хэрэг үүсгээгүй байна. Учир нь сэжигтэн этгээдүүд хар тамхи биедээ авч яваагүй, худалдаагүй, зөвхөн хэрэглэсэн гэх үндэслэлээр Зөрчлийн хуулийн дагуу нэг сая төгрөгөөр торгуулиад өнгөрсөн байна.