БОАЖЯ: Дотоодын аялагч нарт зориулж "FeelMongolia" аппликэйшныг ажиллуулж эхэллээ

БОАЖЯ: Дотоодын аялагч нарт зориулж "FeelMongolia" аппликэйшныг ажиллуулж эхэллээ

Өнөөдөр дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлэл хийлээ.

Аялал жуулчлалын салбар коронавирусийн халдварын цар тахлын хөл хорионоос үүдэлтэйгээр энэ оны эхний 5 сард 120 гаруй сая ам.долларын алдагдал хүлээгээд байна. 

Тур оператор 300 гаруй компани, мөн тооны зочид буудлын үйл ажиллагаа бүрэн болон хэсэгчилэн зогсож, эдийн засгийн хүндрэл, ажлын байрны цомхотголтой тулгараад буй. Хэдий ийм ч дотоодын аялал жуулчлалын компани, ААН-үүдийг дэмжих замаар дотоодын жуулчдын урсгалаа нэмэгдүүлж энэхүү хямралаас гарах боломжтой талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалан  мэдээллээ. 

Учир нь өнгөрсөн онд дотоодын аялагч жуулчдын урсгал давтагдсан тоогоор нэг орчим сая байв. Мөн дотоодоос гадаад орнууд руу чиглэсэн аялагч жуулчид давтагдсан тоогоор 2.4 сая байжээ. Дээрх тоонууд нь монголчууд сүүлийн жилүүдэд аялах нь ихэсч аялал жуулчлалын эрэлт нэмэгдсэнийг харуулж байна. Тиймээс коронавирусийн хөл хориотой, хил хаагдсан энэ үед дотоодод аялал жуулчлалын эрэлт бий болно хэмээн үзэж энэ боломжийг ашиглахаар ажиллаж байгаа аж. 

Үүний нэг үйл ажиллагаа болох дотоодын иргэд аялагч нар аяллын мэдээллийг нэг дороос хүргэх гар утасны "FeelMongolia" аппликэйшныг өнөөдөр БОАЖЯ-наас танилцууллаа. Тус аппликэйшныг "IHOTEL" болон "JOINME" ХХК хамтран бий болгож андройд болон IOS систем дээр байршуулжээ. "FeelMongolia"-д эх орноороо аялах үзэсгэлэнт газруудын мэдээллийг 21 аймгаас авч бүрэн оруулжээ. Мөн орон нутагт байрлах жуулчны бааз, зочид буудлуудыг байршуулсан тул аялагчид зорих газраа товлохоос гадна захиалга өгөх боломжтойг "IHOTEL" ХХК-ийн захирал Б.Золбадрал хэлж байв.

БОАЖЯ-наас мэдээлж буйгаар амралт, аялал эхэлж буй 7 дугаар сараас он дуустал дотоодод хамгийн багадаа 500 мянган хүн аялна гэж тооцож байна. Аялагч иргэн өдөрт дунджаар 50-80 мянган төгрөг зарцуулна гэж үзэхэд 220 тэрбум төгрөгийг аймаг, орон нутгийн эдийн засагт оруулах боломжтойг дурдлаа. Дотоодын аяллыг сэргээхдээ аялал жуулчлалын газруудыг коронавирусийн үед баримтлах дэг журмыг сахиулан ажиллуулах нь. Аялал жуулчлалын газруудад юуны өмнө эрүүл мэндийн дуудлага өгөх, үйлчилгээ явуулах боломжоор хангана. Өнөөдрийн танилцуулж, нэвтрүүлж эхэлж буй "FeelMongolia" аппликэйшнд эмнэлгийн тусламж авах мэдээллийг оруулсан байна. 

Монголын Зочид буудлын холбооны ерөнхийлөгч С.Мөнхбат хэлэхдээ "Зочид буудлын салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байгаа ч дотоодын аялагчдыгаа тав тухтай амраахын тулд хөнгөлөлттэй үнийн бодлогоор БОАЖЯ-тай хамтран ажиллаж байгаа" гэж мэдээллээ.