УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС: Ойрын хугацаанд хүсэлт гаргасан 9000 иргэнээ татан авна

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС: Ойрын хугацаанд хүсэлт гаргасан 9000 иргэнээ татан авна

Улсын онцгой комиссын 26 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар Засгийн газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө. 

Хуралдаанаас дараах гурван шийдвэрийг гаргасан байна. 

НЭГДҮГЭЭРТ, Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нарт үерийн уснаас хамгаалах далан, шуудуу барих ажлыг шуурхайлж төсөв болон бусад судалгааг хийх, автозам дагуух ус зайлуулах шугам сүлжээ бөглөрсөнийг цэвэрлэх ажлыг үүрэг болгожээ. 

Улаанбаатар хот 1000 орчим км авто замтай аж. Уг замын 60 орчим хувь нь ус зайлуулах шугам, сүлжээнд холбогдсон байдаг байна. Харин үлдсэн 40 хувь нь ус зайлуулах шугамгүй бөгөөд энэ нь 30-40 жилийн насжилттай хороолол дундах замууд аж. Шугам сүлжээ бөглөрснөөс үүдэлтэйгээр үерлэх эрсдэл их байгаа юм. Тиймээс даруй шугам хоолойг цэвэрлэх, сэргээн засварлах шаардлагатай хэмээн үзэж холбогдох албаныханд үүрэгджээ. Мөн гэр хорооллын үерийн даланг айлууд хааж бууснаас болж үер болох эрсдэлтэй байгаа аж. Тиймээс гэр хороололд нэмж үерийн далан барихад шаардлагатай төсөв, санхүү болон бусад ажлыг судлахыг мөн үүрэгджээ. 

ХОЁРДУГААРТ,  Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахал өвчин гарч хэсэгчилсэн хөл хорио тогтоосон. Уг хөл хориог үргэлжлүүлэх шийдвэр гаргаж холбогдох албаныханд үүрэг болгожээ. 

ГУРАВДУГААРТЭнэ сард 3000 иргэнээ татаж авахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар нийт 9884 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан байна. Манай улс өнгөрсөн нэгдүгээр сараас хойш 12000 иргэнээ газраар болон агаараар татжээ.  Хамгийн гол нь тусгаарлах байрны багтаамж, эмч нарын хүрэлцээ зэргийг судалж байгаа аж. 

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 2600 иргэнийг тусгаарлах хүчин чадалтай байгаа аж. Тиймээс цаашид тусгаарлах байрыг нэмэгдүүлэхийн тулд Зочид буудлуудын эзэдтэй уулзах, хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллахад тохиролцох ажлыг Улсын онцгой комиссоос яаралтай хийхээр болсон байна. Тусгаарлах байрны тоо, хүртээмжийг нэмж чадвал эмч нарыг нэмж ажилуулах чиглэлд ажиллах аж. Зочид буудлаар тусгаарлах байр болгон ашиглуулах хүсэлгүй эзэд бий. Тиймээс тэдэнтэй уулзах шаардлагатай гэж Ц.Ганзориг мэдэгдлээ. 

Мөн Шадар сайд Я.Содбаатар маргааш энэ ажлын хүрээнд Шуурхай штаб дээр ажиллахаар болжээ. Цаашид Солонгос руу 7 хоног бүр нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байна. Хил хэзээ нээгдэхийг хэлж мэдэхгүй, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ гэж мэдэгдлээ.