Г.Эрдэнэзул: Хамгаалалтын хувцастай нэг ажилтан “лоозонгоо ахиад жаахан өргөчих” гэж хэлэхэд нь үнэхээр их баярласан

Г.Эрдэнэзул: Хамгаалалтын хувцастай нэг ажилтан “лоозонгоо ахиад жаахан өргөчих” гэж хэлэхэд нь үнэхээр их баярласан

Манай улс энэ сард хамгийн олон тусгай үүргийн нислэг хийнэ хэмээн төлөвлөсөн. Энэ дагуу одоогоор долоон нислэг хийгдээд байгаа бөгөөд хамгийн сүүлийн нислэг нь өчигдөр /2020.07.21/ Япон улсын Токио хотоос ирсэн билээ. Тус нислэгээр нийт 260 гаруй иргэд эх орондоо ирсэн бөгөөд шөнийн 22:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан юм.

Энэ үеэр хоёр эмэгтэй "Монгол хүн монголын баялаг, Монголчууд минь зөвхөн монголчууддаа хилээ нээгээч" гэсэн үгтэй лоозон барьж зогссон нь олны анхаарлыг ихэд татаж, гадаадад гацсан иргэдийн сэтгэлийг хөдөлгөсөн. Монгол улсын иргэд эхэндээ тусгай үүргийн нислэг иэрэхэд эх орны дуу тавин огшицгоож байсан бол хагас жил өнгөрч, байдал хүндэрч эхэлснээр иргэдийн уярсан сэтгэл, хүсэлт, шаардлагаар солигдсон юм. Эх орондоо ирсэн ч үлдсэн нутаг нэгтнүүддээ санаа зовон, уриа лоозон барьсаар онгоцноос буусан Монгол улсын иргэн Т.Энхзултай ярилцлаа.

-МАНАЙ УЛС УДАХГҮЙ ХИЛЭЭ НЭЭНЭ. ГАНЦХАН САР  БАЙРАА
ТҮРЭЭСЛҮҮЛЭЭЧ ГЭЖ ГУЙДАГ БАЙСАН-

-Сайн байна уу. Эх орондоо сайн явж ирэв үү?

-Сайн. Сайн байна уу. Уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө эх орондоо ирсэндээ маш их баяртай байна. Сайн явж ирлээ.

-Өөрийгөө уншигчдад товч танилцуулаач. Япон улсыг хэзээ зорьсон бэ?

-Намайг Г.Эрдэнэзул гэдэг. Япон улсад суралцаж байгаад сая гурван сард сургуулиа төгссөн.

-Хэзээнээс эх орондоо ирэх хүсэлтээ өгч эхэлсэн бэ? Нийт хэдэн удаа хүсэлт өгч байж ирэв?

-Би гурван сард буцна гэж билетээ захиалсан байсан боловч МИАТ-ийн  нислэг маань цуцлагдаад ирж чадалгүй 5 таван сар болсон байна. Эхний хоёр сар онц байдал зарласан төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгээд ямар нэгэн өргөдөл гаргаагүй. Харин гуравдугаар сард эх орондоо буцах хүсэлтээ бүртгүүлсэн. Ингээд нөхцөл байдал маань улам хүндэрсээр тавдугаар сараас яг эх орондоо буцах өргөдлөө УОК, ЭСЯ-нд хэд хэдэн удаа өгсөн.

-Японд байгаа Монголчуудын хувьд нөхцөл байдал ер нь ямар байсан бэ? Хоёрдугаар сард тус улсад халдвар нэлээн эрчимтэй тархаж эхэлсэн шүү дээ. Өөрсдийгөө яаж хамгаалж байв?

-Монгол улс дөрөвдүгээр сараас зургадугаар сар хүртэл Япон улс руу тусгай үүргийн нислэг хийгээгүй. Энэ үе Японд эмчилгээний виз болон хэдхэн хоногийн ажлын визээр ирсэн цаашлаад оюутнуудын хувьд ч маш хүнд үе болсон л доо. Учир нь бүх ажил зогссон. Дээрээс нь өндөр өртөгтэй улсад амьдрах үнэхээр хэцүү.  Япон улсын хувьд халдвар эрчимтэй тархаж эхэлсэн цагаас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорионы дэглэмийг маш сайн барьсан. Бид ч мөн амьдарч байгаа учраас тухай улсынхаа дүрэм журмыг баримтлан амны хаалтаа зүүж, гараа тогтмол угааж, олон нийтийн газар хоёр метрийн зай баримталж байсан.

-УОК, ЭМЯ-ЫГ ЭХЭНДЭЭ САЙН АЖИЛЛАЖ БАЙНА ГЭЖ ХАРДАГ БАЙСАН Ч ЯМАР Ч
ТОДОРХОЙГҮЙ, МАШ УДААН АЖИЛЛАЖ БАЙГААГ МЭДСЭН-

-Таны хувьд таван сар гаруй хугацаанд гацсан юм байна. Энэ хугацаандаа ямархуу байдалтай байв? Ямар нэгэн хүнд нөхцөл байдал үүсэж байв уу?

-Миний хувьд оюутан гэсэн статустай тухайн улсад тодорхой хэмжээнд амьдарчихсан байсан учраас эхэндээ үнэн учир шалтгаанаа хэлээд байр түрээслэж эхэлсэн. Гурван сард явна гээд амьдарч байсан байрандаа хэлчихсэн байсан болохоор түрээслэгчид дээр очоод “манай улс хилээ хаачихсан байгаа. Удахгүй нээнэ. Тийм болохоор танай байрыг ганцхан сар түрээслье” гэж гуйдаг байсан. Ингэсээр би өнгөрсөн хугацаанд таван удаа нүүсэн байсан. Сүүлдээ зургаан сараас байдал улам хэцүүдэж, мөнгөгүй болж, гэрээсээ авсан ч хурдан дуусаж байсан.Сүүлдээ Японд байдаг танилуудтайгаа холбогдож тусламж хүссэн.

-Эх орондоо буцах болсон мэдээг хэзээ сонссон бэ? Тухайн үед ямар сэтгэдэл төрж байв?

-Би долоодугаар сарын 10-нд өөрөө утасдаж, асууж байж мэдсэн. Тэр үед “өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, өвчтэй хүмүүс гээд хүмүүс үлдээгүй юу, бүгд явсан уу” гэж асуухад “тийм хүмүүс үлдээгүй ээ, чи явах боломжтой” гэсэн юм. Ингээд мэдээж би маш их баярлаад, гэрийхэндээ хамгийн эхэнд хэлсэн.

-Гадаадад гацсан Монголчууд өнгөрсөн хугацаанд нэгдсэн журмаар тэмцлээ илэрхийлж байгаа шүү дээ. Таны хувьд манай улсын ЭМЯ, УОК хэр үр дүнтэй ажиллаж байгаа гэж бодож байна?

-Энд байдаг хэдэн залуус нэгдээд зургадугаар сард ЭСЯ-нд илүү төлөвлөгөөтэй, шийдэлтэй ажиллаач гэсэн шаардлага тавьсан. Тухайн үед шаардлагыг хүлээн авч нэг онгоц ирсэн боловч нөгөө эрүүл мэндийн асуудалтай, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн гэх мэт иргэд маань бүгд байсаар л байсан. Тэгэхээр яг хэн яваад байгаа нь мэдэгдэхгүй, нэрс нь нууцлалтай гэх мэт асуудлууд гарсан л даа. УОК, ЭМЯ-ны ажлыг эхлээд сайн байна гэж харж байсан ч сүүлдээ ямар ч тодорхой шийдэлгүй, төлөвлөгөөгүй, маш удаан байгаа нь харагдсан. Үүнийг дагаад иргэдийн амьдрал ч удааширч, хэцүү байдалд орж эхэлсэн. Ингээд бид дахин шаардлага тавьж энэ иргэдээ аваачээ, түүний дараа залуус биднийг аваарай гэж хэлсэн. ЭСЯ  энэ шаардлагад хариу өгсөн ч УОК өгөөгүй. Үргэлж л нөөц боломжоороо ажиллаж байна, хичээж байна гэсэн нэг хариултыг өгсөөр ирсэн. Өчигдрийн онгоцоор жирэмсэн эмэгтэйчүүд их цөөхөн ирж байгаа харагдсан. Би жирэмсэн, хүндэтгэх шалтгаантай иргэдээ бүгдийг нь аваад дууссан юм байна гэж бодож байлаа. Гэхдээ бидний ард мянга гаруй монголчууд хэцүү нөхцөл байдалд үлдсэн шүү. Тэднийг хурдан авчраарай гэж хэлмээр байна.

-БИДНИЙ АРД МЯНГА МЯНГАН МОНГОЛЧУУД ХҮНД НӨХЦӨЛД ҮЛДСЭН ШҮҮ.
ТЭДНИЙГ ХУРДАН АВААРАЙ ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА-

-Өчигдөр орой онгоцноос буухдаа нэг эмэгтэйн хамт лоозон барьж зогссон тань олны анхаарлыг их татсан. Тэр тусмаа гадаадад гацсан иргэдийн сэтгэлийг их хөдөлгөж байгаа харагдсан. Энэ талаараа дэлгэрэнгүй яриач. Хэзээ төлөвлөж, юу гэж ярилцсан бэ?

-Аливаа зүйл дээр нэгдэж чадах нь ямар чухал вэ гэдгийг би их ойлгосон. Өнгөрсөн хугацаанд Японд байгаа иргэдтэйгээ нэгдэж, хүн хүнээ хайрлах, бие биедээ дэм болох нь ямар сайхан зүйл байдаг вэ гэдгийг мэдэрч, ухаарсан. Миний хувьд эх орондоо ирэх хичнээн сайхан байсан ч ард үлдэж байгаа нутаг нэгтнүүдээ бодоход үнэхээр хэцүү байсан. Тиймээс л энэ санааг тэнд гацсан залуучуудтайгаа ярилцаж гаргасан юм. Бид лоозонгоо үүр цайтал бэлдсэн. Бас өмнө нь ээжтэйгээ ярихад “охинтойгоо яаж холбогдох уу, монгол дугаар байхгүй” гэж байсан юм л даа. Би тэр үед “шууд бичлэг явдаг юм байна лээ. Тэр үед охин нь даллана. Гэхдээ их өөрөөр даллана шүү” гэж хэлж байсан юм. Тэр нь “гадаадад байгаа иргэдээ аваачээ. Монгол улсын иргэн бүр монголын баялаг шүү” гэдэг мессежийг монголчууддаа өгөхийг зорьсон л доо.  Ингэвэл монголчууд маань бие биенээ жаахан ч болов хайрлах болов уу гэж бодсон. Монголчууд маань дотроо нэгдээд бие биенээ илүү хайрлаад, төр засаг маань ч гэсэн шуурхай, бодитой шийдвэр гаргаж ажиллан гадаадад гацсан бүх иргэдээ хурдан аваасай гэж маш их хүсч байна.

-Тэр лоозонг хэр удаан барьж зогссон бэ? Ер нь тэнд байсан хүмүүс яаж хүлээж авав? Албаны хүмүүс дургүйцэж байсан болов уу?

-Тэр лоозонг 10 секунд орчим барьж зогсъя гэж бодож байсан. Бид 7,8 лоозон өргөхөөр бэлдсэн байсан боловч ачаа, тээврийн асуудлаас болоод нэг эгч бид хоёр л барьж зогсож чадсан. Тухайн үедээ онгоцны ажилчдаас “бид хоёрт эндээс ард түмэндээ хэлэх үг байгаа юм аа. Хэдхээн секунд хэрэгтэй байна” гээд зөвшөөрөл хүссэн. Тэгээд лоозонгоо өргөчихөөд буцаад орж байтал онгоцны ажилчин байсан уу, мэргэжлийн хяналтынх юмуу хамгаалалтын хувцастай нэг хүн “та хоёр ахиад жаахан өргөчих өө, үнэхээр мундаг байна. Сэтгэл хөдөлж байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр буцаж гараад ахиад хэдэн секунд лоозонгоо өргөсөн. Тэр хүнд бас баярлалаа гэж хэлмээр байна.

-Одоо хаана тусгаарлагдаж байна. Тусгаарлалтын нөхцөл байдал ямар байна?

-Одоо “Тоёоко Инн” гээд буудалд байрласан. Орчин нөхцөлийн хувьд цэвэрхэн, тухтай санагдаж байна. Сая эмч орж ирж бидний халууныг үзсэн. Хоол ундны хувьд одоогоор ийм, тийм гэж хэлж чадахаар мэдээлэл алга байна.

-Ярилцсанд баярлалаа.