БНХАУ-ын яаралтай тусламжийн баг дэлбэрэлт болсон Бейрут хот руу хөдөлжээ

БНХАУ-ын яаралтай тусламжийн баг дэлбэрэлт болсон Бейрут хот руу хөдөлжээ

Ливан улсын нийслэл Бейрут хотод өнгөрсөн мягмар гаригт үйлдвэрлэлийн ослын улмаас маш хүчтэй дэлбэрэлт болж 130 гаруй хүн амиа алдаж, 4 мянга орчим иргэн хүнд шархадсан билээ. Дэлбэрэлтийн хүч 3.3 магнитудын хүчтэй газар хөдлөлттэй дүйцэхүйц их хэмжээний хохирол учруулсан гэж шинжээчид үзсэн байна.

Улмаар тус хотод үүссэн нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрч хоёр долоо хоногийн онц байдал зарласан ба бусад улс орны тэргүүн нар олон хүний амь нас үрэгдсэн явдалд эмгэнэл илэрхийлээд дэлбэрэлтийн улмаас учирсан хохирлыг арилгахад туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн юм.

Тэгвэл БНХАУ-ын яаралтай тусламжийн баг тус хотруу өнөөдөр хөдөлсөн байна. Энэхүү яаралтай тусламжийн баг нь мэс засал, дотоод эмчилгээ, түлэгдэлт, анестезиологийн чиглэлээр мэргэшсэн эмнэлгийн ажилтнуудаас бүрдэх ба эм, эмчилгээний хэрэгсэл болон бусад хэрэгтэй материалыг авч очиж байгаа аж.

Уг дэлбэрэлт нь салютын агуулахаас болж үүссэн бөгөөд их хэмжээний амоны нитрат (NH4NO3 - тэсрэх аюултай бодис) агуулагдаж байсан ажээ.