Ж.Ширнэн: Лам байхын хажуугаар загвар өмсдөг байсан. Мөн эрүүл байхын тулд фитнесээр хичээллэж тамирчин болсон /ВИДЕО/

Ж.Ширнэн: Лам байхын хажуугаар загвар өмсдөг байсан. Мөн эрүүл байхын тулд фитнесээр хичээллэж тамирчин болсон /ВИДЕО/

Ирээд ном уншуулаад явдаг хүмүүс хүртэл шашнаа муулаад бичсэн харагддаг. Ер нь сошиалд гоё харагдаж эртний өв уламжлал руу буруутгасан зүйл ярих юм бол орчин үеийн хүн болж хүнд гоё харагдаад байна гэсэн бодол байгаад байх шиг байгаа юм. Дээр үеийн монгол ёс заншлаа үгүйсгэж “бохир заваан” гэхчлэн элдэв янзаар бичихээр тэр нь хүнд хүрээд байгаа тул хэдэн лайк хөөцөлдөж тиймэрхүү зүйл хийдэг юм болов уу гэж боддог. Тэгэхээр энэ олон нийтийн сүлжээнд нэлээд шүүлтүүртэй хандаж байх хэрэгтэй хэмээн ярих хүнийг Орхон аймгийн бурхны шашинтны төв Хутагт ламын Ганданшаддүвлин хийдийн Хамба лам Ж.Ширнэн гэнэ.

Сүүлийн үед түүний бичсэн зөвлөгөө олонд хүрч, олон нийтийн сүлжээнд “Царайлаг лам” хэмээн алдаршаад байгаа билээ. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО: 

-Юуны түрүүнд манай үзэгч болон уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Жамбачүлтэмийн Ширнэн гэдэг. Би Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Сумаасаа төрөөд нэг их удаагүй буюу бага насандаа гарч байсан. Түүний дараа 1995 онд Эрдэнэтэд ирж суурьшаад 30-аад жил болж байна. 

-Яагаад Буддын шашныг сонирхох болов?

-Лам болох нь миний өөрийн сонирхол байсан учир маш гоё санагдаж байсан. Анх Амарбаясгалан хийд рүү очиход гоё харагдаад л яасан сайхан хүрээ хийд вэ гэж бодогдож байсан. Улмаар би тус хийдэд очоод өөрийн багшаа сонгож гэсгүй ламд айлтгаад тухайн гэсгүй лам миний хүсэлтийн дагуу багшийн маань шавь болгон өгч байсан. Амарбаясгалан хийдэд 14 нас хүртлээ байсан. Тэндээсээ Эрдэнэтийн төв ганданд ирж суугаад 20 гаруй жил болж байна.

-Хэдэн настайгаасаа эл эрдэмд суралцаж эхэлсэн бэ?

-Анх 10 насандаа өөрөө лам болно гэсэн шийдвэр гаргаад аав, ээжээсээ лам больё гэж хүсээд анх монголын гурван том хүрээ хийдийн нэг Амарбаясгалан хийдэд шавилан сууж лам болсон. Хүн гэдэг цаанаасаа өөрийн үйл үрээр л явна шүү дээ. Тэгэхээр миний урьд насны ерөөс байсан юм уу, өмнөх насны минь багчиг байсан юм уу ямартай ч лам болж, энэ зам мөрийг сонгосон.

-30-иад жилийн өмнө гэхээр ард түмний шашныг хүндлэх, дээдлэх ёс зүй арай өөр байсан байх. Тухайн үеийн нийгэм лам болж буй хүнийг хэрхэн хүлээж авч байв? 

-Шашин маань нэг хэсэг хориотой байлаа шүү дээ. 90-ээд оноос чөлөөтэй болж, монголчууд маань бараг 100 хувь Буддын шашнаа шүтдэг болж лам хүнийг маш их дээдэлдэг байсан.

-Бүх зүйл цаг үеэ дагаж хөгжиж, хувьсан өөрчлөгдөж байгаа шүү дээ. Тэгэхээр Буддын шашинд энэ өөрчлөлт ямар нөлөө үзүүлж байна гэж хардаг вэ?  

-Хөгжил бол хэзээд шашинтай зайлшгүй холбоотой. Хөгжинө гэдэг маань хувь хүн хөгжиж байж улс орон хөгжинө шүү дээ. Тэгэхээр хувь хүн хөгжихөд шашин зайлшгүй хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүн өөрөө ёс суртахуунтай байхын тухайд шашин зайлшгүй хэрэгтэй болно. Ямар ч шашны үзэл баримтлалд хүн муу үйл хийхийг дэмждэггүй. Муу үйл хийхгүй, бусдад гай болохгүй байх тал дээр шашны номлол дагаж эхлээд хүн өөрийгөө хөгжүүлж, дараа нь гэр орноо, дараа нь улс орноо хөгжүүлнэ. Тиймээс хөгжихийн тухайд шашны хамгийн түрүүнд яригдана. Хөгжил гэдэг зүйл шашинтай цуг хөл нийлүүлж алхана.

-Харин одоогийн нийгэм, залуусын ёс суртахууныг та юу гэж дүгнэж байна. 

-Залуучуудын хувьд эхний элжинд  мэндлэх хүндлэх ёсыг сурах хэрэгтэй болов уу. Настан буурлуудыг хүндэлдэг болох өөрөөсөө дээдсийг хүндэтгэж харьцдаг байх. Өөрөөсөө доош хүмүүсийг дээрэлхүү загнаа биш сайхан харьцдаг болох хэрэгтэй гэж харагддаг. Зарим бас нэг тийм дуу байна. Саяхан би машинд явж байгаад нэг дуу сонслоо. Тэгсэн “шашин төрийг хараал идэг” гэнэ үү. Тэрийг сонсоод би бүр гайхсан. Одоогийн залуус маань яг юу дуулаад, юуг бусдад түгээгээд байгаа юм гэсэн зүйл бас бодогдож байлаа. Тэгэхээр шашин төр хоёргүй бол бид яаж амьдрах юм гэдгээ бас бодох хэрэгтэй. Шашин байж үйлийн үрийг ухаарч байж бид янз бүрийн муу үйлийг хийхгүй байна шүү дээ. Төр байхгүй бол бид тусгаар тогтносон улс биш болно шүү дээ. Шашин төр лүүгээ хараасан тэр дууг сонсоод би үнэхээр их гайхсан. Аль болох шашин төр өө дээдэлж, хүндэтгэж яваарай гэж захья.

-Шашин хэзээд байж хүн хөгжинө гэж ярилаа шүү дээ. Тэгэхээр одоогийн нийгэмд хүмүүс ямар зан чанар, ухамсартай байх шаардлагатай вэ?

-Одоогийн нийгэмд хүмүүс аль болох бие бие дээ гай болохгүй байх хэрэгтэй. Тус хүргэж чадахгүй юм аа гэхэд гай болохгүй байх хэрэгтэй. Япон Улсад бол яаж бусдад гай болохгүй амьдрах вэ гэдэг зарчим барьж амьдардаг гэж үздэг бол монгол яаж бусдын дор орохгүй амьдрах вэ гэдэг зарчим байдаг. Тэгэхээр бусдын дор яаж орохгүй амьдрах вэ биш. Бусдад яаж гай болохгүй амьдрах вэ гэдэг тал руугаа хүн болгон хичээж, бусдад гай болохгүй амьдарвал улс орон хөгжихөд ч маш их хэрэгтэй гэж үзэж байна. Хари ерөнхий шашныг авч хэрэгжүүлэхийн тухайд хамгийн түрүүнд хүн муу юм хийснээ мэдэх ёстой байдаг. Тухайн үед би муу юм хийсэн байна. Дахиж хийхгүй шүү ч гэдэг юм уу. Муу зүйл хийснээ мэдэх. Түүний дараа муу зүйлийг хийж байхдаа мэдэж өөрийгөө татаж авдаг болох, дараа нь муу зүйлийг хийх гэж байхдаа мэдэж би муу зүйл хийх гэж байна шүү гэж болих, дараа нь муу зүйлийг хийх санаа төрөхөд би муу зүйл хийхгүй шүү гэж боддог болох.

Энэ нь нэлээд сэтгэлийн хөгжил болж гарч ирнэ л дээ. Бусдад гай болж байгаа зүйлс маань бол мэдээж муу үйл шүү дээ. Тэгэхээр миний хийж байгаа зүйлс бусдад гай болж байна уу. Болж байвал тэр муу үйл шүү дээ гэж дотроо тунгааж үзэж байх хэрэгтэй.

-Орчин үед буддын шашныг мухар сүсэг гэж үзэх хүн цөөнгүй байдаг болсон. Тухайлбал, өвсөн үедээ эмнэлэг биш гандан орох, хагалгааны цаг өдрөө ламаас асууж товлох гэх мэт асуудалд зарим иргэд шүүмжлэлтэй ханддаг. Энэ асуудалд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Нэг эмч бичсэн байсан. “Хагалгаандаа яаралтай ор гэсэн чинь лам намайг орж болохгүй гэж байна. Өдөр нь болоогүй гэсэн” одоо ингэмээргүй байна гэсэн байсан. Үүний хувьд хэзээ ч лам хүн хүнийг хагалгаанд орж болохгүй гэж хэлэхгүй гэж бодож байна. Тухайн өдөр болохгүй өдөр байж болно л доо. Ямар нэг хагалгаа хийлгэх гэж байхад тэнд нь өөрийнх нь сүлд оршиж байж болно. Тэгэхээр хэрэв хагалгаанд орохоор бол дараа нь сүлдээ дуудуулдаг ч юм уу, болохгүй бүтэхгүй өдөр таарч байвал өдөр гарагийнх нь засал номыг хийлгэж эртхэн хагалгаандаа ор гэж лам хүний хувьд зөвлөнө. 

-Спорт хүнийг сахилга баттай, тэвчээртэй болгож хүмүүжүүлдэг шиг Буддын шашин, лам хүний дагах ёстой ёс таныг хэрхэн хүмүүжүүлсэн гэж боддож вэ?

-Би жаахан сахилгагүй хүүхэд байсан юм шиг байна лээ. Тэгээд лам болоод тэр зан чанар маань сайн дарагдсан. “Тэгж болохгүй, ингэж болохгүй” гэж багш нар маань, ах нар маань сургаж нэлээд даруухан болсон. Ер нь Буддын шашин гэдэг бол маш том философи маш том хүмүүжил шүү дээ. Одоо бол бид Буддын шашныг монгол оронд зан үйл төдий ашиглаж, хэрэглэж байна. Харин зарим орнууд Буддын шашныг яг сургууль номнолоор нь хэрэгжүүлдэг. Жишээлбэл, Япон, Солонгост ямар ч хулгай дээрэм байдаггүй ч гэдэг юм уу. Хүний яг ёс суртахуун гэдэг зүйлсийг маш их эрхэмлэдэг. Бусдад яаж гай болохгүй амьдрах вэ гэдэг талаас нь эрхэмлэдэг. Энэ нь тус орнуудын шашны номлол дотор байгаа зүйл шүү дээ. Тэгэхээр аль болох шашны номлол сургаалын тухайд бусдад тус хүргэхгүй юм аа гэхэд гай болохгүй байхын тухайд хүнийг хүмүүжүүлдэг шашин.

-Хэзээнээс эхлэн олон нийтийн сүлжээнд бусдад хандсан зөвлөмж, сэтгэгдэл бичдэг болсон бэ. Энэ нь хүмүүст нэлээд хүрдэг юм шиг байсан.

-Цагаан сарын үеэр нэг пост оруулсан. Тэр нь маш их хүнд хүрсэн байна лээ. Постын тухайд эхлэхдээ архи уухаа боль гээд эхэлчихсэн. Тэр нь хүмүүст таалагдсан. Архи нь хүнд маш их гай зовлон авч ирж байна гэдгийг бүгд ухаараасай гэж бодоод тэгж эхлүүлсэн. Улмаар хүмүүс архины гайны талаар нэлээд ойлгосон байх гэж бодож байна. Ямартай ч нэлээд олон хүнд хүрсэн. Гол нь уншаад өнгөрөх биш амьдралдаа хэрэгжүүлж муу зуршлаасаа салаасай гэж хүсэж байна.

-Сонирхоод асуухад, Лам байхын хажуугаар өөр юу хийж чөлөөт цаг аа өнгөрүүлдэг вэ. Сонирхол, хоббигоо хуваалцаач?

-Би багадаа нэг хэсэг Үндэсний бөхөөр барилддаг байсан. Үндэсний бөхийн дугуйланд явж байхдаа штанк хийж эхэлсэн. Тухайн үед нэг 14,15 настай л байсан байх. Тэгээд нэг хоёр жил хичээллэж байгаад орхисон. Түүний дараа 2009 оноос дахин фитнессээр хичээллэж эхэлсэн. 2011 он гэхэд Эрдэнэс хотын фитнессийн тамирчин болсон. Тухайн үед бас нэг хэсэг загвар өмсөж явж байгаад фитнессээ орхисон. 2013 онд дахин улсын аваргад бэлдэж фитнессээр хичээллэсэн. Мөн 2015 онд Эрдэнэтийн аваргад орж байсан. Нийтдээ хоёр удаа тэмцээнд орсон. Эхний тэмцээндээ туршлага муутай орсон учир медаль авч чадаагүй. Харин 2015 онд тэмцээндээ нэлээд амжилттай оролцож медаль авч байсан.

Фитнессээр хичээллэнэ гэдэг нь эрүүл байхын тухайд ялангуяа бидний хувьд олон цагаар суудаг учир нэлээд хөдөлгөөний дутагдалтай байдаг. Тиймээс хөдөлгөөнтэй байхын тулд болон чөлөөт цаг аа зөв боловсон өнгөрүүлхээр хичээллэдэг.

-Ярилцлагын төгсгөлд уншигчдад маань зориулж зөвлөгөө хэлээч?

-Буяны үйлийг магтах буянаас мартах буян гэж ярьдаг. Тэгэхээр би ийм сайн үйл хийлээ гэж сайрхахаас илүү сайн үйл хийсэн бол зүгээр мартах ёстой л гэж байгаа юм. Хариу нэхэх ёсгүй л гэж байгаа юм. Буян буцаж ирэхдээ будаа шиг асгардаг гэдэг шиг хэзээд хариу нь буцаж ирнэ. Мөн үйлийн үр хаалга андуурахгүй гэдэг. Үйлийн үр гэдэг маань сайн ч үйлийн үр байна. Муу ч үйлийн үр байна. Тэр үйлийн үр нь заавал өөрт нь заавал ирнэ. Хүний хийсэн үйлийг хүн үүрэхгүй. Өөрийн хийсэн үйлийг хүн өөрөө үүрнэ шүү дээ. Миний хийсэн үйлийг хүн эдлэхгүй учир сайн үйл хийвэл түүнийхээ хариу би л эдэлнэ. Тиймээс болж өгвөл сайн үйл хийгээд мартах ёстой.