ТАНИЛЦ: Хотын дарга С.Амарсайханы хагас жилийн дотор Улаанбаатарт барих "SkyWay" гэж юу вэ

ТАНИЛЦ: Хотын дарга С.Амарсайханы хагас жилийн дотор Улаанбаатарт барих "SkyWay" гэж юу вэ

С.Амарсайхан Хотын дарга болонгуутаа ганц ч гялтайх ажил хийгээгүй гэх иргэдийн шүүмжлэлийг үгүйсгэх аргагүй. Тэрбээр ажлаа аваад л Нийслэлийн Засаг даргын тамгын газар цаашлаад харьяа байгууллагуудад даргаас нь эхлээд цэрэг хүртэл халж, сольж бүтцийн өөрчлөлт хийсээр өнөөдрийг хүргэв. Түүнийг бүтцийн өөрчлөлт хийсээр байтал үлдсэн нэг жил дуусаж магадгүй байна. Ямартай ч нийслэл дээр ажил өгөлцөж, авах үйл явцаас шалтгаалан үндсэн ажлууд удааширч иргэдийг хохироож байна.

Саяхандаа иргэдтэй холбогддог шууд утас нээж ажиллуулна гэж ярьж байсан Хотын дарга С.Амарсайхан өнгөрсөн баасан гаригт болсон “Улаанбаатарын эдийн засгийн форум”-ын үеэр ““ХОТ концепц”-оо танилцуулж, Таван шар-Офицеруудын ордон чиглэлд 15 км урттай Skyway буюу агаарын галт тэргийг хагас жилийн хугацаанд тавих болно гэж мэдэгдсэн. Тэрбээр “Агаарын галт тэрэг нь метроноос хямд өртөгтэйн зэрэгцээ ашиглалтад орох хугацаа нь даруй 6-8 дахин богино” гэсэн.

ХУВЬЦАА ХУДАЛДАЖ АВСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДҮНГЭЭРЭЭ МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН 176 ОРНООС 30-т ЖАГСЖЭЭ

Тэгвэл SkyWay гэж юу вэ?

Беларусын эрдэмтэн А.Э.Юницкий 40 жилийн судалгааны үр дүнд агаарын галт тэрэг зохион бүтээх “Skyway” төслөө танилцуулжээ. Тэрбээр 2014 онд Skyway компаниа Лондонгийн хөрөнгийн биржид бүртгүүлж, 400 тэрбум ширхэг хувьцааг худалдаанд гаргасан байна. Тус хувьцааг борлуулж дуусч байгаа аж. Төсөл санаачлагч А.Э.Юницкий дундаж орлоготой хүмүүс боломж олгох үүднээс компанийн таван хувьтай тэнцэх хувьцааг сүлжээний маркетингаар борлуулж байгаа аж. Skyway компанийн хувьцааг худалдаж авсан иргэд хоёр жилийн дараа асар их ногдол ашиг хүртэж эхэлнэ гэж тэрбээр үзэж байна. Учир нь улс бүрт барьж буй SkyWay-гээс ногдол ашиг хүртэх юм байна. Өнөөдрийн байдлаар хувьцаа худалдаж авсан хөрөнгө оруулалтын дүнгээрээ Монгол Улс дэлхийн 176 орноос 30-д бичигдэж байна.

Хотын дарга С.Амарсайхан хувьцаа худалдаж авсан хүмүүсийн нэг байж магадгүй юм гэх хардлага байна.

Skyway нь 150-1250 км/ц хурдлах чадалтай, шатахуун хэрэглэдэггүй, цахилгаанаар явдаг эко тээврийн хэрэгсэл.

Одоогийн байдлаар Арабын Нэгдсэн Эмират улсын Шарджа хот тус агаарын галт тэргийг захиалан 2021 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн Энэтхэг, Бразил, Египет, Саудын Араб, Ирак, Иран зэрэг дэлхийн 176 улс агаарын галт тэргийг тавиулахаар хүсэлтээ илэрхийлжээ.