Нийслэлийн МАН-ын хороог татан буулгах Д.Амарбаясгалангийн санал У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар нарыг зодолдоход хүргэв үү

Нийслэлийн МАН-ын хороог татан буулгах Д.Амарбаясгалангийн санал У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар нарыг зодолдоход хүргэв үү

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нар маргалдаж улмаар зодоон цохиондоо хүрсэн тухай мэдээлэл нэг сарын өмнө зарим хэвлэл болон олон нийтийн сүлжээнд бичигдэж байв. Тухайн үед Д.Сумъяабазар уг мэдээллийг үгүйсгэсэн. Гэхдээ тэрбээр Ерөнхий сайдыг зодсон нь үнэн гэдгийг намынхан нь баталж байгаа юм. Энэ зодооноос үүдэлтэй олон хоног үргэлжилсэн эморол, процесс болсон ч энд дурдалгүй өнгөрөөж харин чухам ямар асуудал тэднийг маргалдахад хүргэв гэдгийг хүргэе.  

-Д.АМАРБАЯСГАЛАН НИЙСЛЭЛИЙН МАН-ЫГ ТАТАН БУУЛГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА-

Энэхүү үйл явдал Нийслэлийн намын эрх мэдлийн төлөөх Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазарын зөрчлөөс үүдэлтэй бөгөөд уг асуудал энэ өдрүүдэд илүү хурцдаж намаа хоёр талцуулахад хүргээд байгаа аж. Тодруулбал, эрх баригч намын гал тогоог хариуцаж буй Д.Амарбаясгалан тэргүүтэй хэсэг хүн Нийслэлийн МАН-ыг татан буулгах санаачилга гаргаж, бужигнуулсан байна. Энэ үйлдэл нь Нийслэлийн МАН-ыг тэргүүлдэг Д.Сумъяабазарын уурыг барьж байгаа аж.

-ХОТЫН ТОМИЛГООНД Д.СУМЪЯАБАЗАРЫГ ОРОЛЦУУЛААГҮЙ ГЭВ-

Ер нь нийслэлийн МАН-ыг татан буулгах санаачилга анх гарч буй нь энэ биш бөгөөд Д.Загджав Хан-Уулын Засаг даргаар ажиллаж байх үедээ М.Энхболд тэргүүтэй хотын фракцийг эсэргүүцэн энэ саналыг гаргаж байсан удаатай. Тухайн үед МАН-ын даргаар С.Баяр ажиллаж байсан юм. Харин энэ удаад Д.Амарбаясгалан Улаанбаатарт төв нам үйл ажиллагаа явуулж байхад нийслэлийн намын хороо гэх давхар статус хэрэггүй. Дүүргүүд дэхь салбар хороодыг төв нам дээр хариуцахад болно.

Нийслэлийн намын хороо нь фракц дотор фракц үүсгэж намын гишүүдийг хагалган бутаргаж байна гэх үндэслэл хэлж татан буулгахаар ажиллаж байгаа аж.

Тэрбээр санасандаа хүрэхийн тулд тодорхой үйлдлүүдийг хийж буй бөгөөд сая болж өнгөрcөн нийслэл, хот дээрх бүх томилгоог өөрөө гардан хийжээ. Ингэхдээ Д.Сумъяабазарыг оролцуулалгүйгээр Хотын даргатай хамтраад хамаг хүнээ томилсон байна. Энэ бүхэн эцэстээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх дээр очиж, зодоон цохиондоо тулсан гэх.

-НИЙСЛЭЛИЙН МАН-ЫГ ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН ДАРАА ТАТАН БУУЛГАХ УУ-

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Амарбаясгалан орон нутгийн сонгуулийн дараа Нийслэлийн намын хороог татан буулгахаар эрчимтэй ажиллаж эхэлнэ гэх. Тиймээс тэрбээр орон нутгийн сонгуульд Д.Сумъяабазар болон “хүмүүсийг” нь оролцуулалгүйгээр бүх эрх мэдлийг төв аппарат дээр төвлөрүүлж хэнийг нэр дэвшүүлэхээ өөрөө шийдэх бололтой. Мөн УИХ-ын сонгуулийн дараа Д.Сумъяабазар Шадар сайд болохоор яригдаж байсан ч Д.Амарбаясгалан эсэргүүцсэн гэх мэдээлэл ч бий. Ямартай ч энэ хоёрын хагарлаас үүдэлтэйгээр намынхан нь талцаж яах учраа ч олохгүй бужигнаж байгаа аж. “Арай илүү эрх мэдэлтэйгээрээ Д.Амарбаясгалан дийлнэ биз” гэх яриа ч МАН дотор яригдаж байна.