Автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэх захын хэсгүүдэд авто зогсоол байгуулна гэв

Автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэх захын хэсгүүдэд авто зогсоол байгуулна гэв

Нийслэлийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Тээврийн цагдаагийн албанаас автомашины дугаарын хязгаарлалтын асуудлаар мэдээлэл хийлээ. Шинээр батлагдсан хуулийн хэрэгжилтийн хүрээнд дугаарын хязгаарлалтыг тогтоож, өмнө нь үйлчилдэг байсан дугаарын хязгаарлалт, бүсчлэлийг хэвээр нь үлдээсэн байна. Мөн хязгаарлалт тогтоосон захын хэсгүүд дээр томоохон автомашины зогсоол байгуулах газрын асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэж мэдэгдлээ.

Энэ үеэр Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд “2020 оны нэгдүгээр сарын 10-нд тодорхой хуулиудад өөрчлөлт орж, дугаарын хязгаарлалттай холбоотой захирамжийг Засаг дарга нь гаргахаар болсон. Дугаарын хязгаарлалт өглөөний 08.00-20.00 цаг хүртэл үргэлжилнэ. Даваа гарагт 1, 6, мягмар гаригт 2, 7, лхагва гаригт 3, 8, пүрэв гаригт 4, 9, баасан 5, 0 дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй.

32-ын тойрог, 120-ын уулзвар, 3,4 дүгээр хорооллын эцэс, Гурвалжингийн гүүрний урд ТЭЦ-4 рүү салдаг уулзвар, Офицеруудын ордны тойрог зэргээс хотын төв рүү орох хөдөлгөөнд дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Дугаарын хязгаарлалттай өдөр зөрчил гаргасан жолоочид Зөрчлийн тухай хуулиар иргэнд 20 нэгжээр торгох, хуулийн этгээдийг 200 нэгжээр торгох шийтгэл оногдуулахаар тусгасан. Тиймээс тушаал шийдвэрээ биелүүлэхийг анхааруулж байна” гэлээ.