Соёлын сайд С.Чулуун “ХОРИГ УУЛ"-ын судалгааны ажлыг гацааж, зогсоосон уу

Соёлын сайд С.Чулуун “ХОРИГ УУЛ"-ын судалгааны ажлыг гацааж, зогсоосон уу

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг Хориг уулнаас 700-800 жилийн турш мөнх цэвдэгт хадгалагдан үлдсэн гурван ваар өрөм, нэг ваар шар тос олдсон. Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт археологийн судалгааны “Умард Монгол” төслийг 2012 оноос хойш хэрэгжүүлж, ийнхүү эд өлгийн ховор дурсгалуудыг илрүүлсэн байдаг. 
 
Тэгвэл уг судалгааны ажлын үргэлжлэлийг Соёлын сайд С.Чулуун гацааж, зогсоосон байж болзошгүй байна. 
 
Тодруулбал, тус судалгааны багийн эрдэмтэн Д.Анхбаяр өөрийн цахим хуудаснаа "Бидний хэсэг нөхөд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг дахь Хориг ууланд оршиж буй Их Монгол улсын Алтан ургийн ихэс дээдсийг онголсон булш оршуулгын байгууламжийн малтлага судалгаанд шаардагдах хөрөнгө босгох, соёлын өвийг хадгалан хамгаалахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “ХОРИГ УУЛ-2020” арга хэмжээг 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Монголын Үндэсний Музейд зохион байгуулсан билээ. Уг арга хэмжээнд урилгаар түүх соёлыг авран хамгаалахаар зүрх сэтгэлээ нэгтгэсэн 100 гаруй хувь хүн, албан байгууллага оролцож хандив өргөсөн юм.
 
Гэвч Монголын Үндэсний Музейн захирал Д.Сүхбаатар, Соёлын сайд бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх С.Чулуун нар авран хамгаалах ажлын багийг товлосон цагт гаргахгүй бүтэн нэг сар гаруйн хугацаанд гацаалаа.
 
Тухайлбал, Д.Сүхбаатар судалгааны багт албан томилолт бичиж өгөөгүй ба Соёлын сайдтай заавал уулзаж зөвшөөрөл авахыг шаардаж цаг үрсэн. Соёлын сайд С.Чулуун нь судалгааны багийн ахлагч Ж.Баярсайханыг хүсэлт гаргасаар байтал хүлээж авч уулзалгүй нэг сар гаруйн дараа зурвасаар хариу, асуулт илгээсэн төдийгөөр ажилд хариуцлагагүй хандсан зэргийг дурдаж болно.
 
Дашрамд, энэ зун уг судалгааны талбарт буй хэд хэдэн булш тоногдсоныг дурдъя. Мөнхүү асуудлыг олон нийтэд мэдээлж, сонор сэрэмжээ дээшлүүлэхийг сануулсан иргэн М.Батцогтод талархал илэрхийлье. Иймээс "Хориг уул-2020" санаачилгыг албан ёсоор цуцалж, дурдсан нөхцөл шалтгааны учир уг ажлыг бүрэн төгс гүйцэтгэж чадаагүйдээ хандивлагчид, Монголын түүх, соёлын төлөө бидэнтэй чин сэтгэлээрээ нэгдсэн Та бүхнээсээ уучлал гуйж байна.
 
Бид энэ сарын 18-21-ний өдөр цуглуулсан мөнгийг ном журмын дагуу хариуцлагатай хүлээлгэн өгөх болно. Хүний мөр цагаан, судалгааны талбар ариун байх болтугай" гэжээ.