Р.Пүрэвдагва: Бэртлийн эмчилгээнд допингийн бодис байгааг мэдсэн бол, энэ жил өнжих байсан

Р.Пүрэвдагва: Бэртлийн эмчилгээнд допингийн бодис байгааг мэдсэн бол, энэ жил өнжих байсан

Өнгөрсөн долоо хоногт Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-орших нарын бөхчүүдээс допинг илэрсэн гэсэн мэдээлэл цацагдаж олон нийтийн анхаарлыг ихээр татсан билээ.

Энэ талаар Улсын Арслан Р.Пүрэвдагваас “Paparazzi” мэдээллийн сайт тодруулга авчээ. Р.Пүрэгдагва “Би хөдөөгүүр явж байгаад орж ирээд л дуудсаны дагуу шууд ирж шинжилгээний хариуг авлаа. Үнэхээр итгэж өгөхгүй, эвгүй байдалд орж байна.

Миний хувьд наадмын өмнөхөн хөлөндөө бэртэл авснаас хойш олон ч эмчилгээ, эм тариаг хэрэглэж ирсэнийг ойр тойрныхон, бөх сонирхогчид маань мэдэж байсан байх.

Гэсэн ч ард түмнээ цэнгүүлж, шударга сайхан барилдаан үзүүлэхийн тулд энэ гэмтлээ өрсөлдөгчдөөсөө нууж, төрийн их наадамдаа оролцсон. Гэтэл өөрийнхөө энэ санамсар, болгоомжгүй үйлдлээсээ болж үзэгч түмнийхээ урмыг хугалж байгаадаа маш их гэмшиж байна.  Допингийн жагсаалтад 300 гаруй төрлийн бодис багтдагийн нэг нь тус эмчилгээнд хэрэглэсэн эм, тарианд орсон байх магадлалтай байна.

Хэрвээ миний эмчилгээнд допингийн төрлийн нэг бодис агуулагдаж байгааг мэдсэн бол би энэ жилийн баяр наадамд барилдахгүй өнжиж, Монголын ард түмнээ хүндэтгэх байсан юм шүү. 

Ер нь энэ явдлаас харахад залуу бөхчүүдэд маань ч гэсэн маш том сургамж болж байгаа байх. Хэрэглэж байгаа тариа, эмийнхээ орц найрлагыг сайтар анхаарч байхгүй бол үнэхээр аюултай болсон байна шүү гэж тамирчдадаа хандаж хэлмээр байна. Ер нь бөхчүүдэд эм тарианы төрлийн мэдлэг мэдээлэл маш дутмаг байгааг ард түмэн маань харж байгаа байх. Монголынхоо ард түмнээсээ хүлцэл өчиж байгаагаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэж мэдээллээ.

Гэрэл зургийн архиваас

WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлаг жил бүр хориотой эм бэлдмэлийн жагсаалтаа шинэчлэн гаргадаг. Монголын допингийн эсрэг үндэсний төв бол ТББ статустай, WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн гишүүнчлэлтэй, Монголын үндэсний олимпийн хорооны харьяа байгууллага. Монголын тамирчдад допингийн талаарх мэдлэгийг олгож, үүнээс урьдчилан сэргийлэх, цэвэр шударга өрсөлдөх эрхийг нь хангах ёстой Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага хариуцлагатай байж, тамирчид бөхчүүдэд хяналт тавьж ажиллахыг уриалах хэрэгтэй болоод байна.