ТОЙМ: Хүүхдийн эрхийн ноцтой зөрчил ба араатнуудын дүрийг харуулсан долоо хоног

ТОЙМ: Хүүхдийн эрхийн ноцтой зөрчил ба араатнуудын дүрийг харуулсан долоо хоног

Өнгөрсөн долоо хоногт олон нийтийг цочирдуулсан аймшигт гэмт хэргүүд ихээр гарч, нийгмийг бүхэлд нь айдаст автууллаа. Зарим иргэд эдгээр гэмт хэргүүдийг улмаас сэтгэл санааны шууд бус хүчирхийлэлд өртсөн гэхэд хилсдэхгүй байх.

Бидний амьдарч буй нийгэмд хүчирхийлэл, гэмт хэргийн хар бараан сүүдэр тусчихаад аз жаргалын гэгээг оруулахгүй байгаа мэт бодол өөрийн эрхгүй төрнө. Ерөөс айдас, хүчирхийлэл энэ нийгмийн бүх хэсэгт нуугдчихаад, хэнийг ч ялгалгүй өөрийн бараан сүүдрээрээ хучиж буй мэт. Дөнгөж төрсөн нярай, цэцэг шиг бяцхан охин, арван жилийн сурагч охид, такси барих гээд зогсож буй эмэгтэйчүүд гээд хэн ч, хэзээ ч хүчирхийлэл, гэмт хэргийн золиос болох нөхцөл бүрдсэн нийгмийг та бид амьдарч байна.

-ЕСӨН НАСТАЙ ОХИНЫ ХЭРГИЙГ ХЭСЭГ ШУУГИАД
ДАХИН МАРТАЦГААХ УУ-

Есөн настай охин хойд эцэгтээ зодуулж амиа алдсан хэрэг гарлаа. Энэхүү аймшигт мэдээгээр бид шинэ долоо хоногийг эхлүүлсэн. Айсан, цочирдсон, бухимдсан. Охин өмнө нь хэрхэн, яаж амьдарч байсан талаар нь бүгд сонирхож, ухаж төнхсөн. Гэвч улам сэтгэл өвтгөм мэдээллүүд л цугларч байв. Охины хойд эцэг гэх Б эхний удаагийн байцаалтаар хэргээ хүлээсэн бол энхрий бяцхан Э охиныг өчигдөр эцсийн замд нь үдсэн юм. Төрсөн цагаасаа эхлэн хайр, халамж үзэлгүй явсаар харгис эцгийн ширүүн гарт амиа алдсан Э охин ямар их гомдол, харуусал тээсээр энэ хорвоог орхисон бол. Гэвч бид сошиалд хэн нэгнийг хараан зүхэж, ал, цаазал, царайг нь ил болго гэж хашхичсаар энэ долоо хоногийг дуусгалаа. Энэ бол зөв шийдэл биш. Хүүхэд хамгааллын талаар баримтлах зөв бодлого, хүн бүр иргэний үүрэг, хариуцлага дутагдсаар л байна.

-ХАМТРАН АМЬДРАГЧ ЭМЭГТЭЙГЭЭ ХӨНӨӨЖ, МӨЧИЛЖ ШАТААСАН
ЭТГЭЭД БНСУ-Д АМЬДАРЧ БАЙГААД ИРСЭН ГЭВ-

Хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөж, цогцсыг нь мөчилж, шатаажээ гэх мэдээгээр бид өнгөрсөн пүрэв гаригийг угтав. Бас л айж, цочирдов. Бид хаашаа яваад байна вэ. Бид ямар хүмүүсийн дунд, аж төрсөөр байгаа юм бол гэсэн асуулт хүн бүрт төрсөн байх. Хэргийг сануулбал, Сонгинохайрхан дүүргийн XIII хороо буюу Тахилтын жалганаас цагдаагийн байгууллагынхан Н хэмээх 53 настай эмэгтэйн цогцсыг олжээ.

Уг хэргийг талийгаачтай хамтран амьдарч байсан 40 настай Т.Нармандах гэгч өнгөрсөн долдугаар сарын 7-8-нд шилжих шөнө үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд түүнийг цагдан хорьж, шалгаж эхэлжээ.

Хамтран амьдарч байсан гэх Т.Нармандах нь талийгаач Н-ийг Баянзүрх дүүрэгт хутгалж хөнөөгөөд, үе мөчөөр нь салгаад, өөрийнхөө машинд ачиж, Тахилт орчмын жалганд аваачин шатаасан. Энэ бүхнийг согтуу байхдаа хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн үйлдсэн” гэсэн утга бүхий мэдүүлэг өгч, улмаар талийгаачийг шатаасан газраа зааж өгчээ. Энэ зөвхөн хүн гэх араатнаас л гарч болох балмад, зэрлэг үйлдэл. Харин талийгаачийн ар гэрийнхэн цочирдсон байдалтай, хэргийг бага дүүгээсээ нууцалж байгаа аж. Юу хүнийг ийм зэрлэг, балмад үйлдэл гаргахад хүргэв. Үзэж, сонссон мэдээлэл үү, ар гэрийн хүчирхийлэл үү, эсвэл ямар нэг сэтгэлийн шарх уу.

-НАЛАЙХЫН УУРХАЙД БУЛААТАЙ БАЙГАА ХҮҮГИЙНХЭЭ ЦОГЦОСЫГ ГАРГАЖ ӨГӨХИЙГ ТӨРСӨН АР ГЭРИЙНХЭН НЬ ХҮСЭВ-

19 настай иргэний амийг нь хөнөөж, налайхын уурхайд булсан этгээд гурван жилийн дараа хэргээ хүлээжээ. Энэ мэдээгээр долоо хоногийг дуусгав. Өнгөрсөн долоо хоног бүхэлдээ, хүчирхийлэл, гэмт хэргийн долоо хоног болж өнгөрлөө. Зөвхөн энэ долоо хоногт манай улс хүүхдийн эрхийг ямар их зөрчдөг болохыг, хүний амьд явах эрх манай улсад л дуусгавар болсоны томоохон жишээг бидэнд тодоор харууллаа. Өөрийнх нь нөмөрт хоргодож яваа бяцхан охиныг харгис, хэрцгийгээр зодож, хүчирхийлсээр хөнөөсөн хойд эцэг нэртэй алуурчин, хэн нэгний ээжийг мөчилж, шатааж алчихаад хээв нэг сарын хугацааг өнгөрөөсөн сэтгэцийн өвчтөн, хэн нэгний хайртай хүүг хөнөөж, булчихаад гурван жил амар тайван амьдарсан этгээд.

Бид энэ асуудалд хэнийг буруутгах вэ. Архи гэгч хорт ундааг уу, харсаар байж мэдээгүй мэт өнгөрдөг хөршийгөө юу, эсвэл анхандаа сонсоод айж цочирдсон ч, удалгүй мартдаг өөрсдийгөө юу. Гэмт хэрэг бүрийн цаана, хүний ухамсар, сэтгэцийн эрүүл мэнд, иргэдийн оролцоо, боловсрол, ажилгүйдэл, архидалт гээд олон суурь шалтгаан бий. Гэхдээ өнөөдөр эдгээр асуудалтай бид тэмцэж, иргэн болон төрийн хоорондын харилцааг илүү сайжруулах шаардлага тулгараад байна. Эс болвоос эдгээр аймшигт хэргүүдийг мартдаг зангаараа дахин мартаж, зэрлэг балмад араатнуудаар бяцхан үрсээ тасчуулсаар дуусгах уу!




Нийслэлийн МАН-ын хороо хуралдана

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ