Ц.Гарамжав гишүүн өөрийнхөө гэр рүү НЭГ КМ хүрэхгүй автозамыг улсын төсвийн 550 сая төгрөгөөр тавиулж байна уу

Ц.Гарамжав гишүүн өөрийнхөө гэр рүү НЭГ КМ хүрэхгүй автозамыг улсын төсвийн 550 сая төгрөгөөр тавиулж байна уу

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Нийслэлийн төсвийн зардлаар өөрийн амьдардаг болон хамаарал бүхий компанийн оффисын байр руу автоазам тавиулж байна гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Автозамчдын гудамжнаас баруун эргээд “Монполимет комплекс” орон сууц хүртэлх 50 орчим метрийг хамаарч байгаа аж.

Энэ замыг тавихад зориулан, 2019 онд Нийслэлийн төсөвт 550 сая төгрөг суулгасан байна. Улмаар Зам тээврийн хөгжлийн сайдын багцад багтаж, Нийслэл дээр тендер нь зарлагджээ. Нээлттэй тендерийг 2019 оны зургадугаар сарын 17-ний өдөр нээсэн байна.

Тухайн нээлттэй тендерт дурдсанаар, “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Авто замчдын гудамжнаас Монполимет комплекс орон сууц хүртэлх авто зам /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо/-ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна” хэмээн цагаан дээр хараар дурайтал заасан байгаа юм.

Иймд эл зам тавих асуудал нь бусад ААН-ийн эрхэнд халдаж байна гэж үзэн, “Ю Эм Ди” тэргүүтэй компаниуд шүүхэд хандаад байгаа аж. Иргэдийн зүгээс “Уг автозам нь зөвхөн Ц.Гарамжав гишүүний бизнесийн байгууллагуудын оффис руу машин орж гарахад зориулагдан тавигдаж байгаа нь буруу” хэмээн шүүмжилж буй.

Тэгвэл Ц.Гарамжав гишүүний хамаарал бүхий Нар урт” ХХК -ийн зүгээс “Аль нэг компанийн эрх ашгийн төлөө хийгдэж буй зам биш. Энэ бол нийтийн эзэмшлийн зам талбай. Нийтийн эзэмшлийн талбай дээр зам тавих гэхээр хүмүүс хардаж байна. Ингэж хардаад байгаа “Ю Эм Ди” компани нь өөрөө нийтийн эзэмшлийн зам дээр хууль бусаар хашаа татаж газар булаацалдаж, улсаас тавьсан торгууль төлөхгүй заргалддаг” хэмээн тайлбарлаад буй.

Түүнчлэн Ц.Гарамжав гишүүний эзэмшлийн “Монполимет” компанийн зүгээс, “Энэ бол иргэдээс санал гаргасны дагуу Д.Цогтбаатар гишүүний тавьж буй зам. “Монполимет” компанийг дайрахгүй Шангрилла руу хүрэх 250 метр зам. Бидний төлөвлөгөө биш Нийслэлийн автоазамын газрын төлөвлөгөөт ажил” хэмээсэн. Товчхондоо бол, Ц.Гарамжав гишүүний компаниуд “Автозамчдын гудамжнаас баруун эргээд Шангрилла руу чиглэн баригдах 250 метр зам тавигдах зам. Улс нийтийн эзэмшлийн талбайдаа өөрийн хөрөнгөөр зам тавьж байна, бидэнд хамааралгүй” гэж хэлж байна.

Харин нөгөө талаас шүүхэд хандсан иргэд “Автозамчдын гудамжнаас баруун эргээд Шангрилла руу чиглэн баригдах 250 метр автозам нэрийн дор Ц.Гарамжавын гэр, оффис руу чиглэсэн 50 орчим метр замыг улсын төсвийн 550 саяар барих гэж байна” гэж буй. Ийнхүү эл замын маргаантай асуудал шүүхийн шатанд явж, шалгагдаж байгаа юм байна.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс дараах видеог нийтэлж байна. 

Авто замчдын гудамжнаас Монполимет комплекс орон сууц хүртэлх авто замын тендер зарлагдсан байдал Авто замчдын гудамжнаас Монполимет комплекс орон сууц хүртэлх авто замын тендерийн урилга