БНХАУ-аас манай улсад өндөр хүчин чадал бүхий шинжилгээний аппарат өгөхөөр болжээ

БНХАУ-аас манай улсад өндөр хүчин чадал бүхий шинжилгээний аппарат өгөхөөр болжээ

Коронавирусийн халдвар дэлхийд гарснаас хойш манай улс арван сарын турш амжилттай ажиллаж, халдварыг дотооддоо алдалгүй барьж байсан ч арваннэгдүгээр сарын 11-нд 21 хоногийн тусгаарлалтаасаа гарсан ачаа тээврийн жолоочоос халдвар илэрснээр энэхүү өвчнийг хяналтаасаа алдсан юм. Ийнхүү манай улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорионы дэглэм тогтоогоод буй. Дотоодод гарсан халдварын тоо 196 хүрч, өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа хэдий ч халдварын тархалтыг тогтоохоор тандалт, судалгааны ажил үргэлжилсээр байна.

-НУКЛЕЙН ХҮЧЛИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АППАРАТ НЬ ХАЛДВАРЫГ ЭРТ БӨГӨӨД ХУРДАН ХУГАЦААНД ОНОШЛОХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ АЖ-

Тэгвэл халдварт өвчинтэй тэмцэж буй энэхүү өдрүүдэд БНХАУ-аас манай улсыг коронавирусийн халдвартай тэмцэхэд нь туслах зорилгоор нуклейн хүчлийн шинжилгээний аппаратууд өгөх болсон талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Мэдээллийн хэлтсийн төлөөлөгч Зао Ли Жян мэдэгджээ. Тэрээр өөрийн твиттэр хуудсаараа дамжуулан “БНХАУ өөрийн хөрш улсыг COVID-19-тэй тэмцэхэд нь туслах зорилгоор нуклейн хүчлийн шинжилгээний төхөөрөмжийг илгээхээр боллоо. Монгол Улс вирусыг эрт үед нь ялна гэж найдаж байна” хэмээн бичжээ. Харин түүний доор “Бид монголчуудын өгсөн 30 мянган хонины хариуг сайхан сэтгэл, ариун журмаар буцаан өгөх ёстой. Монголчууд аюулт өвчнийг ялан дийлж чадна гэдэгт итгэлтэй байна. Хүнд хэцүү цагт бие биедээ тусалж, хамтдаа даван туулах болно” гэх хятад иргэдийн сэтгэгдэл хөвөрчээ.

-БНХАУ-ЫН ИРГЭД ҮҮНИЙГ МОНГОЛООС ӨГСӨН 30 МЯНГАН ХОНИНЫ ХАРИУД ҮЗҮҮЛЖ БАЙГАА ТУС ХЭМЭЭН ҮЗЭЖ БАЙНА-

БНХАУ-д коронавирусийн халдвар энэ оны нэгдүгээр сараас газар авч, тус улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байх үед /2020.02.27/ Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад албаны айлчлал хийж, Монголын ард түмнээс “30 мянган толгой хонь” бэлэглэж байгаа тухайгаа мэдэгдсэн билээ. Тус 30 мянган толгой хонийг БНХАУ-ын тал “амьдаар авах хүсэлтэй” буйгаа уламжилсан бөгөөд манай Гадаад харилцааны яам болоод ХХААХҮЯ, Мал эмнэлгийн үржлийн газар тус асуудал дээр ажлын хэсэг гарган ажиллаж өнгөрсөн аравдугаар сарын 22-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн билээ.

Энэхүү нуклейн хүчлийн шинжилгээний аппарат нь маш мэдрэг, баталгаатай бөгөөд халдварыг эрт илрүүлж, оношлох ач холбогдолтой ажээ. Өнгөрсөн тавдугаар сард Ухань хотод энэхүү төхөөрөмжийг ашиглан 11 сая хүнийг арван өдрийн дотор шинжилгээнд хамруулж чаджээ. Мөн Бээжинд нуклейн хүчлийн шинжилгээ авах төвүүдийн тоог 170 болгон нэмэгдүүлснээр өдөрт 458 мянган шинжилгээ хийх боломжтой болсон байна. БНХАУ-ын туршлагад хүн амаа яаралтай баталгаатай шинжилгээнд хамруулснаар халдварын тархалтыг хумихад чухал ач холбогдолтой байсан талаар дурджээ.

-НУКЛЕЙН ХҮЧЛИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ӨРТӨГ НЬ
БНХАУ-Д 22-37 ДОЛЛАР БАЙДАГ БОЛ БУСАД УЛС ОРНУУДАД
500-3000 ДОЛЛАРТ ХҮРДЭГ АЖЭЭ-

Бүрэн бус статистикийн дагуу COVID-19 нуклейн хүчлийн туршилтын (NAT) өртөг нь БНХАУ-д ойролцоогоор 22-37 доллар байдаг бол бусад олон оронд 500-3000 долларын өртөгт хүрдэг аж.  Тус улсад дээрх шинжилгээний өртөг хямд байгааг нь судлаачид дараах хүчин зүйлүүдтэй холбон тайлбарлаж байна. Тодруулбал, БНХАУ нь үйлдвэрлэлийн хүчин чадал, туршилтын урвалж бодисын нийлүүлэлт хангалттай. Мөн туршилтын урвалжийг бүхэлд нь хамарсан аж үйлдвэрийн сүлжээг бий болгосон нь туршилтын зардлыг бууруулахад тусалжээ. Үүнээс гадна Засгийн газраас улсын болон хувийн эрүүл мэндийн байгууллагуудад шинжилгээний үнийг нэгэн жигд тогтоож, тогтмол хяналт шалгалтын ажлыг удирдан зохион байгуулдаг байна.