А.Сүхбатын компани зогсоол, буудал, хоол гэж нүүрс тээврийн жолооч бүрээс НЭГ САЯ төгрөг хурааж байна

А.Сүхбатын компани зогсоол, буудал, хоол гэж нүүрс тээврийн жолооч бүрээс НЭГ САЯ төгрөг хурааж байна

Тавантолгойн нүүрс тээврийн жолооч нар хүндхэн нөхцөл, байдалд орсон тухай мэдээлэл манай редакцид ирлээ.

-А.СҮХБАТЫН БАЙГУУЛСАН ОБЬЕКТОД ДОЛОО ХОНОГ БАЙРЛАХГҮЙ БОЛ ДАРААГИЙН НҮҮРС АЧИЛТЫГ ХИЙЛГЭДЭГГҮЙ-

Тодруулбал, Цагаанхадны суурингаас Гашуунсухайт боомт хүртэл богины тээвэрт явдаг машинуудыг “Тайван зогсоол”-д парклаж, түрээсийн төлбөр нэрээр их хэмжээний мөнгийг татан авч буй нь жолооч нарт дарамт болж байгаа аж. Бодит байдлыг мэдээлэхээс өмнө нэгэн түүхийг товч эргэн сануулъя. 2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д төрийн айлчлал хийгээд буцахдаа Ганц мод, Гашуунсухайтын боомтыг дайран нүүрс тээврийн жолооч нартай уулзсан. Энэ үеэр жолооч нар “Ая тухтай унтаж амарч, хооллох суурин, усанд орох, бие засах газрыг байгуулж өгөөч” хэмээн Ерөнхий сайдаас хүссэн. Энэ дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс жолоочдын түр амраад ахуйн, үйлчилгээ авах газрыг байгуулахаар ажиллаж энэ онд ашиглалтад оруулсан нь “Тайван зогсоол” юм. Тус байгууламж нь дотроо 3000 машины зогсоолтой, ресторан, зочид буудал, халуун усны газартай юм. 

Тайван зогсоолыг Засгийн газрын шийдлээр хувийн хэвшлүүд барьж, байгуулсан юм. Албаны мэдээллээр Тавантолгой, Гашуунсухайт чиглэлд хоёр “Тайван зогсоол” байгуулагдаж одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Нэг нь УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК, нөгөө нь УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдоржийн хамаарлын компаниуд “Тайван зогсоол” байгуулан ажиллаж байгаа юм байна.

Угтаа бол “Тайван зогсоол”-ын хэрэгцээ, шаардлага бий юу гэвэл тийм. Гагцхүү асуудал юунд байна вэ гэвэл зогсоол болон зочид буудал, хоолны үнэ хэт өндөр. Гэтэл ийм өндөр үнэтэйн дээр коронавирустэй холбоотойгоор Улсын онцгой комисс, Аймгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу сүүлийн өдрүүдэд жолооч нарыг олноор нь 6-7 хоногоор “Тайван зогсоол”-д байлгах болжээ. Ингэхдээ “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу дан чиргүүлтэй машинаас 10.000 төгрөг, давхар чиргүүлтэйгээс 20.000 төгрөгийг хоног тутам авч байгаа аж. Зочид буудлын хувьд хоёр ортой өрөө хоногийн 100 мянган төгрөг бол нэг, хоёрдугаар хоол 9000-12000 төгрөгийн үнээр зарагддаг байна.

Халдвар, хамгааллын дэглэм сахих нэрээр жолооч нарыг дор хаяж зургаа хонуулж буй бөгөөд нэг жолооч энэ өдрүүдэд байрлаад гарахад 60-140 мянган төгрөгийг зогсоолд хэрвээ буудалд байрласан бол 600 мянган төгрөгийг, хоол унданд дор хаяж 120 мянган төгрөгийг зарлагдчихаад гарна гэсэн үг.

Хамгийн ноцтой нь зургаагаас долоо хонохгүй бол Цагаан хад руу явуулж дараагийн нүүрс ачилтыг хийлгэхгүй гэж жолооч нарыг шахалтад оруулж, сонголтгүй болгосон гэнэ.

Цаашлаад энд халдвар, хамгааллын дэглэм огт мөрдөгдөхгүй байгаа бөгөөд бохир нийтийн нойл, гуанзад хооллох, жолооч нарыг гурван мянгаар нь нэг дор бөөгнөрүүлж илүү эрсдлийг бий болгож байна. Тиймээс жолооч нар мөнгөө хэмнэхийн тулд зогсоолд машинаа оруулаад машиндаа хоноглох дэлгүүрээс юм худалдаж авах зэргээр өдрийг өнгөрүүлж буй тухайгаа бидэнд ярьсан юм.

Бид яг энэ өдрүүдэд “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК-ийн “Тайван зогсоол”-д хүчээр байрлаж буй нүүрс  тээврийн жолооч Г.Бат-Өлзийтэй холбогдож бодит, нөхцөл байдлыг тодруулсан болно.

-ЖДҮХС-ААС 800 САЯ ТӨГРӨГИЙН ЭЭЛ АВСАН “ТҮГЭЭМЭЛ ТҮМЭН ХИШИГТЭН” ХХК-ТАЙ ТАНИЛЦ -

Гэхдээ түүний ярилцлагаас өмнө “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК-ийн тухай зарим мэдээллийг хүргэе. Burgel.mn хаягаас тус компанийн тухай мэдээллийг хайвал 2010 онд үүсгэн байгуулсан байна. Захирлаар нь Г.Буяндэлгэр гэх эмэгтэй бүртгэлтэй аж. Г.Буяндэлгэр нь УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын дүү А.Баттөгсийн эхнэр юм. Тус компани нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 2017 онд 800 сая төгрөгийн зээл авч байсан тухай мэдээлэл хэвлэлүүдэд гарчээ.  Энэ мөнгөөрөө уг обьектыг барьсан ч байх магадлалтай байгаа юм.

Эх сурвалж: Burtgel.mn

Өмнөговьд дээрх обьектыг барихад “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК нь захиалагчаар ажилласан бол гүйцэтгэгчээр “Говь повер”  ХХК ажилласан гэж буй. Барилгын ажлын явцад тог цахилгаанаа Хайрхан багаас авч элс, хайргаа үнэгүй авахаар аймгийн ИТХ-ын хурлаар хэлэлцүүлсэн ч Ардчилсан намын бүлэг эсэргүүцэж буцаасан гэх мэдээлэл байдаг. УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын хамаарал бүхий энэ компани  нь “Тайван зогсоол”-доо өдөрт 3000 машиныг байрлуулж нийт 40-45 сая төгрөгийг хоногт, сардаа тэрбум гаруй төгрөгийг хураамж хэлбэрээр авч байна. Ийм ашигтай бизнес энэ цаг үед үгүй.

-Ө.ГАНТУЛГА: ЗОГСООЛ НЬ 10-20 МЯНГАН ТӨГРӨГ, ХОЁР ОРТОЙ ӨРӨӨ НЬ 100.000, ХООЛ НЬ 9000-12000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ГАЗАРТ ЯАЖ АМРАХ ЮМ БЭ -

Ингээд нүүрс тээврийн жолооч Г.Бат-Өлзийн яриаг хүргэе.

-Сайн байна уу та. Тавантолгойд нөхцөл байдал ямар байна вэ?

-Энд үнэхээр хүнд байна. Дарга сайд нар ирэхээр жолооч нарыг уулзуулахгүй нуудаг. Уг нь уулзаж асуудлаа хэлмээр байх юм. Тавантолгойн нүүрс, Оюутолгойн баяжмалын экспортоос Монголын эдийн засаг хамаардаг. Гэтэл экспортыг голлон явуулдаг жолооч нарын нөхцөл байдал хүнд байна. Манайд коронавирусын халдвар гарсантай холбоотойгоор жолооч нарыг Хятадын хилээр гарах, орох бүрт коронавирусийн шинжилгээ авч байна. Шинжилгээ авах, хариу гарах процесс удаан учраас цаг алдаж байна. Бас “Тайван зогсоол”-д зогсоох нэрээр нэг дор 4000-5000 жолоочийг  хашаанд хашиж  байна. Нийтийн том  заалтай ресторантай. Тэндээ бөөнөөрөө хооллодог.

Тэнд хүн хоорондын зай барих нь бүү хэл ариун цэврийн наад захын шаардлага хангаагүй. Бүр гар ариутгагч, нойтон алчуур, амны хаалт тэнд олж харахгүй. Нийтийн бие засах газрынх нь шал маш бохир.  

Ийм орчинд өвчин тархах маш их эрсдэлтэй байна. Хашаанд хорьсон учраас хоолны газар нь орохоос өөр аргагүй байна. Тийм орчинд бид нарыг байлгаж байна. Мөн давхар чиргүүлтэй бол 20 мянган төгрөг, дан чиргүүлтэй бол 10 мянган төгрөгийг хоногоор нь бодож жолооч нараас авч байна. Доод тал нь 7 хонож гаргаж байна. Буудал нь 100 мянган төгрөгийн үнэтэй. Түүнийгээ жолооч нарын амрах байр гэж нэрлэчихсэн. Хоол нь 9000-12000 төгрөгийн үнэтэй. Зүгээр л мөнгө олох ажил.

-“Тайван зогсоол” нь Цагаан хаднаас хэр хол зайтай байрладаг вэ?

-Цагаан хад, Гашуун сухайтын хилийн боомт хоёрынхоо яг голд байдаг. Сүлжээ их муу барина. Хятадад нүүрсээ буулгаад гараад ирэхээр “Тайван зогсоол”-ын хашаанд заавал долоо хонуулдаг. Ингээд энэ хашаанаасаа гараад Цагаан хаданд очихоор нүүрсээ хэзээ ачих нь тодорхойгүй бас хүлээнэ. Ачаад гараад ирлээ гэхэд дахиад л 7-14 хонож байж хилээр гарч байна. “Тайван зогсоол”-д хонохгүй бол Цагаан хаданд нүүрс ачуулдаггүй. Ингэж л шахалтад оруулж байна.

Хэрвээ хилээс гараад “Тайван зогсоол”-д  долоо хонохгүй шууд Цагаан хад руу гаа очвол нэг компанийн гадна 100-200 машин л байрлана шүү дээ. Тэнд чинь олон компани байдаг. Тэндээ хоноод байна. Тэгэхэд чинь энд бөөгнөрүүлж эрсдэл учруулж буйд бухимдалтай байна. Ямар утга учиртай, аль даргынх нь ажил юм бүү мэд. Улсын онцгой комиссоос хүн бөөгнөрүүлэхгүй гэж ярьчихаад яг ийм эгзэгтэй үед тэнд заавал жолооч нарыг дөрөв, таван мянгаар нь бөөгнөрүүлж байгааг ойлгохгүй байна. 

-БНХАУ-ын талаас өдөрт хэдэн машины татан авалт хийж байна?

-Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор маш цөөн машиныг татаж байна. Өдөрт 200 машин орж байна уу, үгүй юу. Нүүрсээ ачуулж гарч ирээд л нэг газраа 4-5 хоноод байж байна шүү дээ. Хил гарах хүртэл хамгийн багадаа 14 хоног хонож байна.

-Одоо жолооч нарын хувьд ямар хүсэлттэй байна вэ?

-“Тайван зогсоол”-ын бараа, үйлчилгээ нь хямдхан бол болно. Гэтэл маш үнэтэй. Амраах нэрээр мөнгө угаах ажил явуулж байна. 100 мянган төгрөгийн үнэтэй буудалд хэн хонох юм бэ. Бид чинь ардаа амьдралтай, зээлтэй хүмүүс. Энд 100 мянган төгрөгөөр 7 хоночихоор чинь мөнгөгүй  болно биз дээ. Мөнгөө хэмнэхийн тулд л бид кабиндаа өөрсдөө хоолоо хийж иддэг юм. Ядаж 6000 төгрөгийн үнээр хоолоо зардаг бол болно. Гэтэл үнэтэй хоол авч идээд байвал хэдийг нь ар гэртээ өгөх юм. Жолооч нарын амрах байр гэчихээд 100 мянган төгрөг нэхдэг. Энд хүйтрээд жаахан хэцүү л байна. Хамгийн гол нь энд эрсдэлтэй байна шүү. Жолооч нарын ярьж буйгаар А.Сүхбат аварга гэнэ үү нэг хүний л бизнес гэсэн. Жолооч нар амраад усанд ороод хоол унд идээд явахыг хүсэлгүй яахав. Гэхдээ ядаж унтах байрыг үнэгүй байлгаад бусдыг хямд үнэтэй байлгаж болохгүй юу.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

НЭМЭЛТ

Нийтлэл гарсны дараа “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК-ийн захирал Г.Буяндэлгэр манай редакцтай холбогдож тус компанийг УИХ-ын гишүүн А.Сүхбаттай хамааралгүй гэж мэдэгдсэн юм.