Э.Мөнхзул: Миний охины хуруу хагалгаагаар амжилттай залгагдсан ч дахин авагдаж эхэлсэн

Э.Мөнхзул: Миний охины хуруу хагалгаагаар амжилттай залгагдсан ч дахин авагдаж эхэлсэн

Долоон настай охиныг согтуурсан үедээ түүний нагац ах болох 51 настай Ш нь сүхээр хоёр гарын нийт дөрвөн хурууны нэг хоёрдугаар үеэр нь таслаад зогсохгүй халуун усаар баруун хөлний гуя хэсгийг түлсэн. Мөн толгойн дээд хэсгийг сүхээр цохиж хагалсан гэх зэргээг зэрлэг балмадаар бяцхан охиныг эрэмдэг болгосон этгээд өдгөө болсон үйл явдлыг санахгүй байна хэмээн хэлж буй. Охин гэрээсээ зугтаж гараад гудамжинд уйлаад зогсож байхад нь иргэд олж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байдаг.

-ГЭМТ ЭТГЭЭДЭД ХОЛБОГДОХ ХЭРЭГ ИРЭХ САРЫН 1-НИЙ ӨДӨР ТОВЛОГДСОН-

Харин бага насны охины эрүүл мэндэд санаатай хүнд гэмтэл учруулсан хэргээр нагац ахад нь Эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжээд байгаа юм. Хэрэг гарсан өдрөөс хойш энэ аймшигт хэрэг үйлдсэн этгээдийг ШШГЕГ-ын харъяа урьдчилсан хорих 461-р ангид саатуулсан билээ. Харин тус этгээдийн үйлдсэн хэргийг ирэх сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон юм.

Харин охин хэрэг гарсан өдрөөс хойшхи хоёр сарын хугацаанд хоёр удаа хагалгаанд ороод байгаа юм. Хуруу залгах мэс засал хийлгэж амжилттай залгагдсан ч эргэж хуруунууд нь өрөвсөж авагдаж эхлээд байгаа аж. Охины хурууг засах  ГУРАВ дахь удаагийн хагалгаа дахин наймдугаар сард болох юм байна. Энэ хугацаанд хэрэгтний ар гэрээс нийтдээ дөрсөн сая төгрөгийн төлбөр өгсөн ч дахин холбогдоогүй гэдгийг охины ээж хэлж байгаа юм.

-ЗАЛГАСАН ХУРУУНУУД НЬ ӨРӨВСӨЖ ЭХЭЛСЭН УЧРААС ДАХИН ХАГАЛГААНД ОРОХООР БОЛСОН-

-Одоо охины тань биеийн байдал ямар байна вэ. Хагалгаанд дахин ороод удаагүй байгаа гэсэн мэдээлэл байна?

-Миний охин хоёрдахь хагалгаандаа ороод удаагүй байна. Биеийн байдал тааруухан. Өвчиндөө шаналаад унтаж ч чадахгүй байгаа. Эхний хагалгаагаар баруун гарын дунд хурууг залгасан. Тэр хагалгаар дунд хурууны үзүүрийг нь залгаж чадаагүй. Эмч нар гурван хурууг амжилттай залгалаа гэсэн. Мөн эмч нар хэлэхдээ: биеийн байдал нь ямар байхыг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан амжилттай залгалаа. Муу мэдээ гэвэл цаашид яахыг нь хэлж мэдэхгүй гэсэн. Эхний хагалгааны дараа дунд хурууны үзүүрийг нь надад харуулаад бид нар устгах уу? Чи өөрөө авах уу гээд харуулсан. Тэгэхээр нь би өөрөө авна гэж хэлээд авсан. Тэгээд нөгөө гурван хурууг нь залгуулсан. Одоо бол бичдэг талын гарын хоёр хуруу ажиллагаагүй байна. Маргааш нэг үзүүрийг нь авах гэж байгаа. Яагаад гэхээр залгасан хэсэг нь харлаад өрөвсөж эхэлсэн.

Нөгөө долоовор хурууны үзүүрийг нь авна. Гэхдээ эргээд залгана. Хүн харахад хуруутай мэт харагдах боловч хөдөлгөөн хийх боломжгүй. Харин эрхий хурууг нь залгана. Гэхдээ 17 нас хүрэхээр нь хөлийнх нь эрхий хурууны арьснаас авч нөхөх боломжтой гэж хэлсэн. Мөн долоовор хурууны тасарсан ясыг нь нөхөхдөө сүүжнийх нь яснаас авч нөхнө гэж байгаа юм.

-Хэрэг гарсан өдөр та хаана байсан бэ. Охиныг гудамжинд гарцаараа байхад нь иргэд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байсан шүү дээ?

-Хэрэг гарсан өдөр болох тавдугаар сарын 14-ний өдөр би бага хүүхдээ аваад эмнэлэгт хэвтэж байсан. Учир нь манай бага хүүхэд хүнд хэлбэрийн хатгаа авсан байсан юм.

Миний охиныг найз маань хардаг байсан. Тэр өдөр манай найз "Танай хүүхдийг харж чадахгүй нь ээ. Танай ах янз бүрийн ааш гаргаад байна" гэж надруу утасдсан. Тэгэхээр нь би сахиураа солих гээд эмчдээ хэлэхэд хүнд хатгалгаа учир сахиур солих боломжгүй гэж хэлсэн. Тэгээд би эмчийгээ явахаар нь сахиураа солих санаатай хүлээж байсан. Охин маань өдөр надруу ярьсан. "Ах намайг авчихлаа та хэзээ ирэх вэ?" гэхээр нь би "Харанхуй болохоор очно" гэж хэлээд тасалсан. Эмнэлгээс гараад гэртээ хариад хувцасаа солиод охин руугаа гарах гээд нөхөртэйгөө байж байхад танихгүй дугаараас охин маань залгасан. Тэгэхдээ "Ах миний хурууг зодчихлоо" гэж хэлсэн.

Тэгээд би очсон чинь охин маань их шоконд орсон байсан. Би очоод тэврээд байхад “Уйлаад манай ээжийг дуудаад өгөөч" гээд байсан.

Тэр ах маань сандарсан зүйлгүй гэмшсэн зүйлгүй орондоо хэвтэж байсан. Цагдаа нар ирээд эмч нар байхад тоосон юмгүй байсан. Тэр ах маань “Та нар юу яриад байгаа юм бэ тэр охиныг аав, ээж нь ирээд аваад явсан гэж хэлээд байж байсан. Эхэндээ би сандарсандаа арай ч хурууг нь тасалсан гэж бодоогүй. Гэтэл түргэний эмч нар машиндаа авч суухдаа “Нэг хуруу нь байхгүй байна шүү” гэж хэлэхэд нь л мэдсэн.

-Я ОХИН ХЭЛЭХДЭЭ: АХ НАМАЙГ ҮСДЭЖ ИХ УДААН ЗОДСОН, ЖОРЛОНД БУЛНА ГЭСЭН-

-Яагаад ийм аймар хэрэг гарах болов?

-Ах маань согтуу орж ирээд манай охиноос юм асуусан. Манай охин мэдэхгүй гэж хэлэх тоолонд ус буцалгаж байгаад хөл рүү нь цацаад байсан гэсэн. Мөн үснээс нь зулгаагаад их удаан зодсон гэсэн. Тэгээд миний охиныг сүх аваад буланд шахаж суулгангуутаа “Би чиний толгойг цавчих уу” гэсэн байгаа юм. Манай охин “Үгүй гээд уйлахад нь “Чи яасан их уйлдаг юм бэ гээд сүхээрээ толгой руу нь цохихоор нь гараараа хаасан гэсэн. Сүхээр толгой руу нь хоёр удаа цохисон гэсэн.

Ингэж цохихдоо зулай хэсэг болон зулай хэсэгт нь хүнд гэмтэл учрццлсан байсан. Миний охин “ Ээжээ намайг дахиж ах руу битгий явуулаарай, Ах намайг хөргөгчинд хөлдөөнө гэсэн. Жорлонд булна гэсэн. Намайг аймар зодсон гээд уйлаад гарыг нь оёж байгааг ч мэдэхгүй байсан.

У.УРАНЦЭЦЭГ