Ц.Цэрэндаваа: Манай улс та нарыг үнэгүй хооллож байна, улс чинь та нарыг авахгүй байгаа биз дээ гэж хэлдэг

Ц.Цэрэндаваа: Манай улс та нарыг үнэгүй хооллож байна, улс чинь та нарыг авахгүй байгаа биз дээ гэж хэлдэг

Манай улс иргэддээ хилээ хаагаад олон сарын нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд зарим иргэд хүний нутагт насан эцэслэж, тусгаарлалтын хугацаанд хайртай хүмүүсээсээ хагацаж, элчингийн гадаа тэмцэж, хоног төөрүүлж, нисэх онгоцны буудал дээр орь ганцаар хаягдан хэцүүхэн өдрүүдийг өнгөрүүлж байгаа ч тэд эх орон, элгэн садандаа ирэх гэж тэмцсээр л байгаа. Тэдний төр засагтаа итгэх итгэл аль хэдийн байхгүй болсон. Учир нь олон сар эх орондоо ирнэ хэмээн, итгэж, хүлээж байсан тэдний итгэлийг  төр засаг аль хэдийн хөсөр хаясан. Өнгөрсөн хугацаанд тусгай үүргийн нислэгээр иргэдийг авчирж байсан хэдий ч УОК-ын “таван шаардлага”ын цаана үлдэж эх орондоо ирж чадаагүй иргэд байсаар байна. Халдварын хоёр дахь давлагаа дэлхий даяар эхэлсэн энэ эгзэгтэй мөчид олон сарын турш хүний нутагт хичээж, тэмцсэн тэд одоо туйлдаж эхэлжээ. “МИАТ” гэсэн бичигтэй онгоц ирж, тэднийг авах болов уу гэж итгэсэн ч хүнээ авалгүй ачаа, карго гэсээр буцах нутгийн онгоц тэдэнд “шавь нараа ялгаварладаг муухан багш” шиг л харагдаж байгаа биз.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд БНСУ-руу тусгай үүргийн нислэг хийх сураг дуулдаж байсан ч дотоодод гарсан халдварын улмаас цуцлагджээ. Энэ хугацаанд тийзнийхээ мөнгийг өгсөн өвчтэй, зовлонтой олон иргэд элчингийн гадаа жагсаж буй ч тэднийг тоож байгаа хүн алга. Цаашлаад энэ хэцүү цаг үед ажил хийж яваад цагаачлалын албанд баригдаж, нислэг хүлээж буй олон монголчууд хоригдох байранд хүндхэн байгаа аж.

Энэ удаад БНСУ-ын Инчон хотын цагаачлалын албанд баригдан, тусгай үүргийн нислэг хүлээн хоригдох байранд амьдарч буй иргэн Ц.Цэрэндаваа манай редакцид хандсан юм.

-НАР САЛХИ Ч ҮЗЭХГҮЙ, ШОРОН ШИГ ГАЗАР 13 МОНГОЛ ХҮН
НОХОЙ ШИГ Л ӨДӨР ХОНОГИЙГ ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА-

-Танд өдрийн мэнд хүргэе. Цагаачлалын албанд хэзээ, ямар шалтгааны улмаас баригдсан бэ?

-Өдрийн мэнд. Миний хувьд өнгөрсөн оны хоёрдугаар сард аялалын визээр ирсэн боловч коронавирусийн улмаас нутаг буцаж чадалгүй өдийг хүргэсэн. Энэ хугацаанд амьдрахын тулд ажил хийж, өдрийнхөө хоолтой залгаж байсан боловч визний ангилал зөрчиж ажил хийсэн гэсэн шалтгаанаар энэ газар ирчихээд байж байна. Би хууль, хяналтын байгууллагад 30 гаруй жил ажиллаж байгаад өнгөрсөн жил тэтгэвэртээ гарсан хүн, тэгээд гэр бүлийнхээ хүнтэй БНСУ-ыг зорисон юм. Ингээд сая аравдугаар сард ажил хийсэн мөнгөө цуглуулж байгаад гэр бүлийн хүнээ арай хийж явуулсан. Тэгээд удахгүй араас нь очихоор болсон юм. Буцах мөнгө, идэх хоолоо олохын тулд ажиллахаас өөр сонголтгүй болоод ганц өдөр ажиллатал баригдчихсан. Уг нь бол аялалын визээ онлайнаар сунгуулаад яваад байгаа.

-Хоригдох байранд таниас өөр хэдэн монгол хүн байгаа вэ?

-Инчоны цагаачлалын байранд  одоогоор 9 эрэгтэй, 3 эмэгтэй гээд нийт монгол улсын 12 иргэн байгаа. Насны хувьд 30-50 насны хүмүүс байна. Хамгийн дээд тал нь таван сар, доод тал нь арав гаруй хонож байгаа хүмүүс бий. Бусад газруудын цагаачлалын албанд баригдсан 70-80 гаруй монголчууд бас байгаа юм билээ.

-Нөхцөл байдал ямар байна вэ, өрөөндөө хэдүүлээ байдаг, ямар хоол хүнс өгдөг талаар мэдээлэл өгөөч?

-Ер нь л муухан шоронгоос дээр газар байна. Өрөөндөө дээд тал нь 14-лээ байдаг. Монгол, Пакистан, Тайланд,Вьетнам гээд олон улсын л иргэд байдаг. Ямар ч нар, салхи үзэхгүй, яг л нохой шиг л байна. Өглөө 07:00 цагт босоод, цэвэрлэгээ хийгээд дараа нь цайгаа уудаг. Өглөөний цайнд нэг жижигхэн сүү, жижигхэн талх, нэг банана өгдөг. Өдөр шөл, цагаан будаа, орой бас 17:00 цагт цагаан будаа, дүпү өгч байгаа юм. Хоол нь монголчууд бид нарт огт тохирохгүй. Тэгээд дээрээс нь эндхийн ажилчид “манай улс та нарт үнэгүй хоол өгч байгаа, улс чинь та нарыг авахгүй байгаа биз дээ, улс чинь авна гэвэл хурдан явуулмаар байна” л гэсэн утгатай зүйлс хэлж байгаа юм. Бид гэмт хэрэгтнүүд биш шүү дээ.  Ихэнх хүмүүс гэмт хэрэг, зөрчил үйлдээд, шүүхээс ял сонссон хүмүүсийг барьж авчирдаг гэж боддог байх. Тийм хүмүүс байгаа, гэхдээ огт гэмт хэрэг үйлдэж, бусдад саад учруулаагүй ажлаа хийж яваад баригдсан хүмүүс ч байдаг юм байна. Бид биенээсээ асууж байхад тийм хүмүүс их байна.

-ЭНД ХОРИГДСОН НЭГ МОНГОЛ ЗАЛУУГИЙН ЭХНЭР НЬ ТӨРӨӨД 6 САР БОЛЖ БАЙГАА. ОДОО АМЬДРАХ ГАЗАР, ХООЛНЫ МӨНГӨГҮЙ БОЛСОН ГЭЭД ИРЭЭД УЙЛЖ БАЙГААД ЯВСАН-

-Хамт байгаа монголчуудын дунд амьдралын хүнд нөхцөлд байгаа хүмүүс ч байгаа байх?

-Байлгүй яахав, энд хоригдсон нэг залуугийн хүүхэд нь энд төрөөд зургаан сартай. Одоо эхнэр, хүүхэд хоёр нь мөнгөгүй, байх газаргүй болчихсон гээд сая ирээд уйлж байгаад л явж байна. Өөрөө энд хоригдчихсон болохоор яаж ч чаддаггүй. Дээрээс нь эндхийн ажилчдыг гуйж, сөгдөх нь холгүй байж байгаад монголчуудтайгаа нэг өрөөнд орсон.Одоо доор нэг монгол залуу байгаа.

-Та бидэнтэй яаж утсаар холбогдов, наанаа байгаа нөхцөл байдлынхаа зургийг явуулах боломжтой юу?

-Утас маань байсан бол эндээс лайв хийгээд нөхцөл байдлыг харуулмаар байна. Гэтэл энд бүх зүйлийг хурааж авдаг. Тэгээд л би яг шорон гэж онцлоод байгаа юм. Анх ороход дотуур хувцаснаас бусдыг нь тайлуулаад л цаанаас адилхан бэлтгэлийн хувцас өгдөг. Би тантай таксфон утас гээд карт аваад ярьдаг утсаар гуйгаад л ярьж байна. Энд байгаа таван хүн аргаа бараад өлсгөлөн зарлаж үзсэн, хэн ч тоогоогүй. Монгол хүн монголоосоо гараад л гахай, нохойноос дор болж байна. Эндхийн тэжээвэр нохой, муурнаас л дор байна шүү дээ.

-Манай улсаас Инчон хотод сууж буй Элчин сайдын яаманд өнгөрсөн хугацаанд хандсан уу?

-Эндхийн ЭСЯ огт утсаа авдаггүй. Энд байдаг элчин сайдын газрын ажилтнууд яг ямар зорилгоор ажилладаг юм бүү мэд. Энэ газарт санаатай болон санаандгүй байдлаасаа болж орж ирсэн хүмүүс байгаа. Тийм учраас хүн гэдэг утгаар нь хүндлээд ЭСЯ-ны ажилчдаас нэг нь ч гэсэн ирээд энд байгаа нутаг нэгтнүүдээ эргэж, тойроод тусалж дэмжих хэрэгтэй шүү дээ. Гадныхан бол биднийг тоохгүй, гэтэл улсынх нь ЭСЯ ч тоохгүй бид яах болж байна аа. Монгол хүн асуудалд орооцолдлоо гэхэд л зугтдаг. Утсаа ч авахгүй. Улс иргэнээ авах ёстой, тэр тусмаа гадны улсад хяналтанд орчихсон, хүндхэн нөхцөлд байгаа иргэдээ анхаарах ёстой шүү дээ. Гэтэл анхаарч байгаа хүн алга.  Би сүүлийн долоо хоногт Гадаад хэргийн яамны сайд Н.Энхтайвны туслах гээд залуу руу олон удаа холбогдож, бодит нөхцөл байдлыг хэлсэн. Холбогдох газар нь хэлье л гэдэг хариу өгсөн. Ямар ч бодитой шийдвэр хэлдэггүй.  Бид үнэндээ эх орондоо буцмаар байна. Очоод төлбөрөө яаж ийж байгаад өгөөд тусгаарлагдана. Үнэхээр энд биш эх орондоо байвал очоод хүйтэн байшинд ч тусгаарлагдаад байж чадна шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.