"Улаанбаатар хотын нийт барилгын 2.1 хувь нь газар хөдлөлтийн тэсвэржилтийн шаардлага хангахгүй"

"Улаанбаатар хотын нийт барилгын 2.1 хувь нь газар хөдлөлтийн тэсвэржилтийн шаардлага хангахгүй"

Улсын хэмжээнд ашиглагдаж буй барилгуудыг газар хөдлөлтөд хэр тэсвэртэй эсэх мөн, газар хөдлөлтийн улмаас барилга байшинд эвдрэл гарсан эсэх талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Д.Жаргал мэдээлэл өглөө.

Тэрээр "Монгол Улсын хэмжээнд 130 мянга гаруй барилга ашиглагдаж байна. Жилд 1,000-1,500 барилга шинээр ашиглалтад ордог. 1970 оноос өмнө буюу газар хөдлөлийн бат бэхийн норм норматив гараагүй байхад баригдсан барилгууд байдаг.

Улаанбаатар хотод буй барилгуудын 8.7 хувь, орон нутагт 17.6 хувь нь газар хөдлөлийн бат бэхийн норм батлагдаагүй байх үед баригдсан. Газар хөдлөлтийн эрсдэл өндөртэй, тэсвэржилтийн шаардлага хангахгүй барилга орон нутагт их буюу 16.6 хувь, Улаанбаатар хотод 2.1 хувь байна.

2016-2020 онд мэргэжлийн хяналтын байгууллага газар хөдлөлтийн тэсвэргүй 3,820 барилгад иж бүрэн шалгалт хийсэн. Буулгах, дахин төлөвлөлтөд оруулах дүгнэлтээ гаргаж, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн. 

Өнөөдөр Хөвсгөл аймаг болон зэргэлдээх аймгуудад ажлын хэсэг гарч, үзлэг шалгалт хийж байна. Хөвсгөл аймгийн Ханх суманд сургууль болон Засаг даргын Тамгын газрын байрны хана цуурсан, шавар, замаск унасан тухай зураг, мэдээлэл ирсэн. Мөн аймгийн төвд долоон орон сууц болон жижиг барилгуудад дээрх гэмтэл үүссэн. Бусад аймагт барилгад эвдрэл гэмтэл гарсан тухай мэдээлэл ирээгүй. Гэхдээ үзлэг шалгалт үргэлжилж байна. Улаанбаатар хотод мөн ажлын хэсэг гарч, үзлэг хийж байгаа" гэв.

 

 




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө