Б.Батзориг: Хүүхэд үймүүлсэн тохиолдолд торгуулийн арга хэмжээ авах хуулийн зохицуулалт байхгүй

Б.Батзориг: Хүүхэд үймүүлсэн тохиолдолд торгуулийн арга хэмжээ авах хуулийн зохицуулалт байхгүй

Шөнийн 22.00 цагаас хойш хүүхэд үймүүлж чимээ, шуугиан үүсгэсэн тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авч 100.000 төгрөгөөр торгоно гэх мэдээлэл сүүлийн үед сошиал орчинд тархсан. Тэгвэл хүүхэд үймүүлсэн гэх хэрэгт мөнгөн торгууль ногдуулах эсэх асуудлаар Цагдаагийн байгууллагаас тайлбар өглөө. 

Тодруулбал, НЦУГ-ын Гэр бүл хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг энэ талаар "Зөрчлийн тухай хууль хүүхдэд хариуцлага хүлээлгэх хууль биш. Зөрчлийн тухай хуулийн 3.2 заалтад 16 аас дээш насны хүн буюу тухайн хийж буй үйлдлийнхээ хор, хохирлыг ухамсарлан ойлгох, хэрэг хариуцах чадвартай насанд хүрсэн хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Ингэхдээ цөөн тохиолдолд 14-18 насны хүүхдэд хариуцлага хүлээлгэх заалт орсон. Тодруулбал, олон нийтийн газар танхайрсан, согтуурсан, мансуурсан, тээврийн хэрэгсэл жолоодсон цөөн хэдэн тохиолдолд хариуцлага хүлээлгэсэн байгаа. 

Бусад тохиолдолд буюу хүүхэд өөрийн анхдагч орчин болох гэртээ тоглож наадсаныхаа эсвэл тодорхой хэмжээнд дүрсгүйдсэнийхээ төлөө хуулийн хариуцлага хүлээх заалт байхгүй. Харин олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж архидан, согтуурсан, танхайрсан, айдас түгшүүр төрүүлсэн цөөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг" гэлээ. 

Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас хүүхэд үймүүлсэн гэх нэг ч тохиолдолд арга хэмжээ аваагүй байна, цаашид ч авахгүй гэж тэрбээр мөн хэлсэн юм. 

ҮЗЭХ: