Баянзүрх дүүргийн II хороонд хязгаарлалтын дэглэм тогтоолоо

Баянзүрх дүүргийн II хороонд хязгаарлалтын дэглэм тогтоолоо

Баянзүрх дүүргийн 2-р хорооны 4, 5 дугаар хэсэгт Ковид 19 цар тахлын голомтлон тархах нөхцөл байдал үүсэж, 2021.01.24-ний өдрийн 06:00 цагаас 2021.01.25-ны өдрийн 22:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоох БЗД-ийн засаг даргын захирамж гарлаа.

Энэ дагуу хамгаалалтын  арга хэмжээ тогтоогоод байна. Дурдсан хугацаанд тухайн хэсгийн иргэдийг шинжилгээнд хамруулах юм байна. Тус хэсэгт амьдардаг, 18-аас дээш насны иргэд өнөөдөртөө багтан хорооныхоо Иргэний танхимд очиж, шинжилгээнд хамрагдахыг уриалж байна. 

Халдвар гарсан хэсэг нь Сансар орчмоос Дарь-Эх рүү эргэдэг замын уулзвар хэсэгт байх Нийтийн байр юм байна. Тус нийтийн байранд 20 орчим иргэн амьдардаг бөгөөд тэдний 9-өөс нь халдвар илрээд байгаа аж. Тиймээс нийтийн байрны орчмын 4, 5-р хэсэгт бүхэлд нь хязгаарлалт тогтоолоо. 

4, 5-р хэсэг нь 400 орчим өрх айлтай, 1800 орчим иргэнтэй. Тэдний 1200 орчим нь 18-аас дээш насныхан бөгөөд тэднийг өнөөдөртөө багтан шинжилгээнд хамруулж, маргааш хариу нь эцэслэн гарахаар тооцон, хязгаарлалт тогтоосон байна.