Афганистанд болж буй хурд хүчний тэмцээнд манай улсын алба хаагчид эхний байрт шалгарчээ

Афганистанд болж буй хурд хүчний тэмцээнд манай улсын алба хаагчид эхний байрт шалгарчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс /БНӨСУ/ болон Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчидтай өчигдөр /2021.02.16/ цахим уулзалт хийсэн.

Энэ үеэр Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын XIII ээлжийн цэргийн багийнхан Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа талаар мэдээлжээ. Тэд үндсэн үүргийнхээ зэрэгцээ дэлхийн орнуудын цэргийн алба хаагчдын дунд зохион байгуулагддаг уралдаан, тэмцээнүүдэд амжилттай оролцсоор байна.

Тодруулбал, баазын удирдлагаас уламжлал болгон зохион байгуулдаг 11.9 тонн жинтэй “Dingo” байлдааны автомашин чирч, хурд хүч, авхаалж самбаагаа сорих тэмцээнд ХБНГУ, Швед улсын цэргийн алба хаагчидтай хамтарсан баг амжилттай оролцжээ. Энэхүү уралдаанд 10 цэргийн алба хаагч нэг баг болон оролцдог бөгөөд багийн гишүүн бүр 25 литрийн устай сав өргөн, 10 метр зайд байрлах тэмдэгт тойрч, багаараа 11.9 тонн жинтэй “Dingo” байлдааны машиныг 59 метрт чирч, барианд ордог байна. Энэхүү тэмцээнд манай улсын алба хаагчид буюу ахлах дэслэгч Б.Түвшинжаргал, дэслэгч С.Оюунбат, ахлагч Т.Түмэн-Өлзий ахлагчтай багууд эхний байрт шалгарчээ.