ВИДЕО: Манай улсад суух элчин сайдыг “Монгол хэлийг заавал сураарай” гэж Х.Баттулга захижээ

ВИДЕО: Манай улсад суух элчин сайдыг “Монгол хэлийг заавал сураарай” гэж Х.Баттулга захижээ

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам энэ сарын 26 ны өдөр буюу өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.

Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам БНСВУ-ын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжилж, Монгол Улсад ажиллах хугацаандаа хэрэгжүүлэх таван зорилтыг тодорхойлж, удирдагчиддаа танилцуулсан гэдгээ хэлжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад хандан, “Олон жилийн туршлагатай дипломатч хүн Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирсэн тул хоёр орны найрамдалт харилцааг эдийн засгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэж байна. Мөн таны танилцуулсан таван зорилт биелэх өргөн боломжтой. Ялангуяа бизнес, худалдааны чиглэлд дэвшүүлж буй зорилтуудыг ажил хэрэг болгоход Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын үүд хаалга үргэлж нээлттэй” гэлээ.

Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга “Элчин сайдын таван зорилт дээр нэг зорилт нэмэх хүсэлтэй байна. Элчин сайд Таныг хэлний авьяастай, хятад, япон хэлтэй хүн гэж сонссон. Монгол Улсад ажиллах хугацаандаа Та монгол хэлийг заавал сураарай” гэж захижээ.