Өөрийгөө шатаасан Э-ын дүү Э: Цагдаа хэргийг мөрдөн шалгаад юу ч байхгүй болохоор хаах л байх

Өөрийгөө шатаасан Э-ын дүү Э: Цагдаа хэргийг мөрдөн шалгаад юу ч байхгүй болохоор хаах л байх

Өнгөрөгч хоёрдугаар сарын 8-ны өдрийн 13:32 цагт Чингэлтэй дүүргийн 16-р хороонд оршин суух хаягтай 1987 онд төрсөн 34 настай Э гэх иргэн Сүхбаатарын талбайд ирж, өөр дээрээ шатахуун асган шатаж амиа егүүтгэсэн хэрэг гарч олныг цочирдуулсан.

Тухайн үед Ерөнхийлөгч Х.Баттулга ажил хөдөлмөрөөрөө манлайлсан салбар салбарын төлөөллүүдийг төрийн одон, медалиар шагнах үйл явц болж талбай дээр хүмүүсийн хөдөлгөөн их байсан юм. Мөн иргэн Э нь төмөр замын бүтээн байгуулалтад оролцож, цалингаа авч чадаагүй тул ийнхүү амиа хорлосон байж болзошгүй гэх мэдээлэл ч гарч эхэлсэн.

-ТҮҮНИЙГ АМИА ХОРЛОХОД ХҮРГЭСЭН ЯМАР Ч
СЭЖҮҮР ОЛДООГҮЙ ЮУ-

Иймд Ерөнхийлөгч Х.Баттулга /2021.02.08/ Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нартай уулзаж, Сүхбаатарын талбайд иргэн Э харамсалтайгаар амь насаа алдсан явдлыг яаралтай шалгаж, учир шалтгааныг нэн даруй олж тогтоохыг даалгаж байв.

Ингээд тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах албаны хамтарсан ажлын хэсэг шалгаж эхэлсэн байдаг. Харин тус хэргийг олон талаас шалгаж, талийгаачийн хамгийн сүүлийн яриа, зурвас, чат бичсэн хүмүүсийг шалгахад  амиа хорлоход хүргэсэн ямар ч сэжүүр олоогүй, талийгаач Э-г яагаад өөрийнхөө амийг егүүтгэх болсныг тогтоож чадахгүй, арга мухардсан талаар эх сурвалж мэдээлж байв.

Тэгвэл хэд хэдэн шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтад тулгуурлан хэргийг хаах саналыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс харьяалах дүүргийн прокурорын газарт гаргасан талаар эх сурвалжууд өчигдөр /2021.03.24/ мэдээлж эхэлсэн юм.

Бид хэргийн үйл явц ямар шатандаа яваа, ямар үндэслэлээр хэргийг хаах болсон талаар талийгаачийн ар гэрийнхнээс нь тодруулахаар түүний аав, дүүгийн хамтаар амьдарч байсан Чингэлтэй дүүргийн 12-р хороог зорилоо. Биднийг очиход хашаанд нь 10 орчим насны нэгэн хүү тоглож байсан бөгөөд хүүгээс том хүн байгаа эсэхийг асуухад гэрээс талийгаачийн дүү Э бололтой 23 орчим насны эмэгтэй гарч ирсэн юм. Тэрээр бидэнтэй хашааны цаанаас хэсэг ийнхүү ярилцсан юм.

-УДАХГҮЙ 49 ХОНОГ НЬ БОЛНО. ЭХНЭР НЬ ИРЭХ ЮМ УУ,
ИРЭХГҮЙ ЮМ УУ МЭДЭХГҮЙ БАЙНА-

-Талийгаачийн хэргийг хаах санал хүргүүлсэн гэж дууллаа. Энэ талаар мэдээлэл өгч болох уу?

-Бид нар хаасан талаар нь огт мэдээгүй. Цагдаагаас тийм мэдээлэл өгөөгүй шүү дээ. Хаана тийм мэдээлэл яваад байгаа юм. Одоогоор хаасан гэсэн зүйл сонсоогүй, цагдаагаас хэлээгүй байна.

-Өнгөрсөн хугацаанд та бүхнийг цагдаагийн байгууллагаас хэдэн удаа дуудсан бэ, гэр бүлийнхнээс нь нэг хүн л дуудаж байцаасан уу?

-Нийтдээ 2-3 удаа дуудаж байцаасан. Нэг хүн биш, манай гэр бүл, хамаатан садан гээд холбоо хамааралтай бүх хүнийг л дуудаж уулзсан. Найз нөхдийг нь ч дуудсан байна лээ.

-Дуудаад юу гэж асуудаг вэ, ер нь ар гэрийнхнийх нь зүгээс талийгаачийн үхэлд хардаж, сэжиглэдэг зүйл бий юу?

-Талийгаачтай холбоотой зүйл л асуудаг. Хардаж, сэжиглэдэг зүйл байхгүй ээ, бид нарт ч мэдэж байгаа юм алга. Цагдаа нар ч гэсэн мөрдөн шалгаад юу ч байхгүй болохоор нь угаасаа хаах л байлгүй дээ. 

-Өнгөрсөн хугацаанд эхнэр, хүүхэд нь ирсэн үү, талийгаач хэдэн хүүхэдтэй байсан бэ?

-Ирсэн, үгүйг нь мэдэхгүй байна. Одоо удахгүй 49 хоног нь болно. Тэр үеэр нь ирэх юмуу, үгүй юу мэдэхгүй. Ганц хүүхэдтэй л байсан.

-Одоо энд хэн хэн амьдардаг вэ?

-Бид нар юм хум хамаагүй ярьмааргүй байна. Та нарт чинь юм хэлэхээр тэгээд есөн шидийн юм болгоод биччихдэг юм байна лээ шүү дээ.

-Тэр хэрэг гэнэт болж өнгөрсөн шүү дээ, өмнө нь амиа хорлох талаар гэрийнхэндээ үг цухуйлгаж байв уу?

-Үгүй, тийм зүйл ярьж байгаагүй. Тэр өдөр бид нар ч өөрсдөө мэдээгүй байхад бөөн цагдаа, сэргийлэхийнхэн, мэдээнийхэн, телевизийн хүмүүс хүрээд ирсэн шүү дээ. Тэгээд л мэдсэн.

-Тэгэхээр хэргийг нь хаасан гэдэг худлаа мэдээлэл гэсэн үг үү?

-Мэдэхгүй ээ, цагдаагийнхан л мэдэж байгаа байх.

-ХЭРЭГ ЯВДЛААС ХОЙШ “СОД МОНГОЛ” ШТС ЗАДГАЙГААР ШАТАХУУН ХУДАЛДААЛАХЫГ ХАТУУ ХОРИГЛОЖЭЭ-

Тэрээр бидэнд дээрх мэдээллийг өгөөд хурдхан цаашаа эргэв. Хэргийг хаасан талаарх мэдээллийг дахин нягтлахаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах төвийн дарга Б.Баатархүүтэй холбогдоход “би сайн мэдэхгүй байна. Прокурорын газраас лавлаж асуугаарай” гэсэн хариултыг өгсөн юм.

Ингээд бид буцах замдаа талийгаачийн гэрээс нэг километрийн зайд байрлах “Сод монгол” ШТС-аас задгайгаар шатахуун худалдаалах эсэх талаар асуухад “болохгүй ээ, нөгөө өөрийгөө шатаадаг залуугаас хойш ямар ч хүнд задгайгаар шатахуун худалдаалахыг хориглосон. Зөвхөн автомашины банканд л шахах ёстой. Өөр хаашаа ч гаргахгүй” гэсэн юм. Манай улс ил задгай шатахуун худалдаалахыг хориглодог ч хөдөө, орон нутаг болон нийслэлийн зарим газруудад ил задгайгаар худалдаалсаар байсан ч дээрх харамсалтай хэрэг гарснаас хойш нийслэлд байрлах шатахуун түгээх газрууд хяналтаа улам чангатгах болжээ.