ОХУ “Ковид-19”-өөр өвчилсөн хүний цусны сийвэнд үндэслэн бүтээсэн эмэнд зөвшөөрөл олгов

ОХУ “Ковид-19”-өөр өвчилсөн хүний цусны сийвэнд үндэслэн бүтээсэн эмэнд зөвшөөрөл олгов

ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвар авсан хүний цусны сийвэнд үндэслэн бүтээсэн "КОВИД-глобулин" эмийг хэрэглэхийг зөвшөөрөв. Энэхүү өвөрмөц шинж чанар бүхий эм нь “SARS-CoV-2-ийн эсрэгбиет агуулдаг бөгөөд халдвараас урьдчилан сэргийлэх, өвчтөний биед эсрэг бие богино хугацаанд үүсгэхэд тусалдаг аж.

ОХУ-ын Эрүүл мэндийн яам эмийн туршилтын эхний шатанд хийсэн клиник судалгааны үр дүнг харгалзан үзэж аюулгүй байдлыг тогтоон, гаж нөлөөгүй, вирусийг саармагжуулах чадалтай гэж дүгнэжээ.

Эмнэлзүйн туршилтын хоёр, гуравдугаар шатны туршилт ойролцоогоор зургаан сар үргэлжлэх төлөвтэй байна. Түүнчлэн уг туршилтад нийслэлийн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийг хамруулах юм. Одоогоор тус эмийг 18-60 насныханд хэрэглэхийг зөвшөөрч байгаа аж. Цаашдаа дунд болон хүнд хэлбэрийн эмчилгээнд ашиглана хэмээн тэд таамаглажээ.

Эх сурвалж: РиаНовости, ТАСС