Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсны хэргийг дахин шалгахыг шаардан жагсаж байна

Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсны хэргийг дахин шалгахыг шаардан жагсаж байна

Сүхбаатар талбайд өнөөдөр иргэний нийгмийн байгууллагууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд,  Тост, Тосонбумбатай холбоотой асуудал болон ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлж, аллагыг захиалагч болон гүйцэтгэгчийг тогтоож, хариуцлага тооцох шаардлагыг холбогдох хууль хяналтын байгууллагад хүргүүлж байгаа талаар  эсэргүүцлийн жагсаал хийлээ.

Уг жагсаалд орон нутгаас Завхан,  Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн төлөөлөл аймгийн иргэд хүрэлцэн иржээ. Учир нь байгалийн үзэсгэлэнт сайхан тогтоцтой Тост, Тосонбумбын нуруунд уул уурхайн олборлох үйл ажиллагаа явуулсаар байгаа. Үүнийг таслан зогсоох, улсын эрдэс баялгийн зөвлөлөөс өгсөн зөвшөөрөл нь хууль бус гэдгийг улс төрийн өндөр дээд албан тушаалтнуудад хүргэхээр зорин жагсаж буй аж.

Тэд жагсаалд оролцож байх үедээ хэлэхдээ:

-“Шударга нийгмийн тогтолцоо гэж байхгүй боллоо. Уул уурхайн аюул Өмнөговьд төдийгүй, Завхан аймагт хүртэл нүүрлээд байна. Цианит натри гамшгийн хэмжээнд хүрлээ. Тиймээс энэ аюулыг олон нийтэд хүргэхийн тулд би энд ирсэн. Энэ бусармаг явдлыг арилгахын тулд, эх нутгаа хамгаалахын тулд, луйварчдаас эх орноо хамгаалахын тулд би энэ жагсаалд оролцохоор ирсэн” гэв.

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг:

-Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах Тост, Тосонбумбын нуруунд ирвэс хамгаалах ажлыг хийж байсан Т.Лхагвасүмбэрэл гэх сайхан залуу бусдын гарт харамсалтайгаар амь алдсан. Энэ залуугийн амь насыг хөнөөсөн хэргийн эзэн холбогдогч нь тодорхойгүй байсаар байгаа учраас энэ аллагын эзэн холбогдогчийг тогтоохыг шаардсан хүсэлтийг бид хуулийн байгууллагад хүргүүлнэ” гэсэн юм.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө