АН-ЫН ЗӨВЛӨЛ: Стандартын дагуу баригдаагүй Дархан, Налайхын түр замыг засах ёстой

АН-ЫН ЗӨВЛӨЛ: Стандартын дагуу баригдаагүй Дархан, Налайхын түр замыг засах ёстой

Хуваарийн дагуу УИХ дахь АН-ын зөвлөл хуралдаж хоёр асуудлаар санал дүгнэлтээ нэгтгэсэн байна.

Тодруулбал, сүүлийн үед иргэдийн ихээр бухимдуулж буй Дархан болон Налайхын замын асуудлаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаас асуулт асууж, тайлбар сонссон байна. Мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн зарим заалтаар зөвлөлөөс хүргүүлсэн зарим санал дүгнэлтээр эцсийн шийдвэрт хүрчээ. 

-200 ГАРУЙ КМ ЗАМД 6.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН НЬ МАШ ХАНГАЛТГҮЙ-

Налайх болон Дарханы замын асуудлаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат  мэдээлэл өгөхдөө “Налайх, Дарханы замын түр замын асуудал иргэдийг маш их бухимдуулж байна. Түр замууд стандартын дагуу баригдаагүй. Үүнээс үүдэн борооны улмаас зам эвдэрч иргэдийн амь, нас эд хөрөнгө ихээр хохирч байна. Түр зам стандарт шаардлага, аюулгүй байдлыг хангасан байх ёстой. Яамны зүгээс өгч буй мэдээллээр 200 гаруй км түр замыг тавихдаа 6.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ маш хангалтгүй төсөв. Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад Дарханы зам арваннэгдүгээр замд дуусахгүй юм байна гэсэн магадлалтай байна. Ажлын явц зохион байгуулалтгүй, технологийн шаардлагыг хангаж чадахгүй байгаа юм. Цаашид түр замын асуудлыг шийдэхгүйгээр уг замыг тавьж чадахгүй. Иргэдийн тэвчээрт хязгаар бий” гэсэн юм.

Өнөөдрийн хуралдааны үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Дарханы замыг барих ажил хийгдэж байгаа зүйлгүй байна. Стратегийн гол замаа хаачихаад иргэдээ бухимдуулдаг улс манайхаас өөр алга. Хөгжлийн банкнаас 20 тэрбум төгрөг авсан Шинжаан Шинфань  компани яагаад ажиллахгүй байгаа  юм бэ. Уг замаас болж иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч, бухимдаж байна. Б.Энх-Амгалан сайдын хэлсэн 200 гаруй техник, 400 гаруй ажилчин хаана байгаа юм  бэ. Өдөр амраад шөнө ажиллаж байгаа юм уу. Гүйцэтгэл нь 20 хувь биш таван хувьд хүрэх үү үгүйтэй байна. Өмнөговь, Дундговийн зам сүйдсэн” гэжээ.

Харин Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан түүний асуултад хариулахдаа “Би Шинжаан Шинфань компаныг мэдэхгүй. Үндэсний Хөгжлийн газар концессын гэрээ мэднэ. Шүүх дээр маргаантай учраас зам тавих ажил нь зогссон. Бид арваннэгдүгээр сард замаа нээх бодолтой байна. Түр зам тавихад 6.5 тэрбум төгрөг тавьсан ч мөнгө хүрэлцэхгүй байна. Тендер асуудалгүй. Бид туслан гүйцэтгэгчээр Монгол компани оруулаарай гэж гуйсан. Одоо манай 13 компани ажиллаж байна” гэсэн байна. 

Харин Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтэй холбоотойгоор гурван асуудлаар шаардлага тавьсан талаараа доорх тайлбарыг хийлээ. 

  1. Ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог байх.
  2. Орон нутгийн хөгжлийг дэмжих. Хөдөө, орон нутгийн эдийн засгийн бие даасан нөхцөл байдлыг хангах асуудлыг Үндсэн хуульд тусгах.
  3. Ард түмний засаглах эрхийг хангах, парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс УИХ-ын гишүүнийг иргэдийн болон УИХ-ын санаачлагаар эгүүлэн татдаг байх асуудлыг Үндсэн хуульд оруулах саналыг АН-ын зөвлөлөөс дэвшүүлсэн. Энэ асуудлаар тус зөвлөл саналаа нэгтгэжээ. Энэ саналуудаа ажлын хэсэг болон Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдлээ.

АН-ын зөвлөлөөс цаашид иргэдийн бухимдуулсан, ойлгомжгүй асуудлаар холбогдох албан тушаалтнаас тайлбар авахаар төлөвлөсөн байна. Дараагийн хуралдаанаар тариалалт, ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой асуудлаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс тайлбар мэдээлэл авахаар төлөвлөжээ. 

БИЧЛЭГ