Улаанбаатарын автозамыг гурван бүсчлэлд хуваах асуудал ЦУЦЛАГДЖЭЭ

2019-08-14 15:07

Улаанбаатарын автозамыг гурван бүсчлэлд хуваах асуудал ЦУЦЛАГДЖЭЭ

Наймдугаар сарын 15-наас буюу маргаашнаас Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг сааруулах зорилгоор замыг гурван бүсчлэлд хуваах зохицуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэдгийг албаныхан мэдээлж байсан.

Ингэснээр  түгжрэл буурч,  осол, зөрчил багасна гэдгийг ажлын хэсгийнхэн тайлбарлаж байв. Гэвч энэ зохицуулалтыг хэрэгжүүлэхээ больж, цуцалсан гэдгийг нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас өнөөдөр мэдээлжээ.

Тодруулбал, тус газраас 08 сарын 02-ны өдөр “Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр бүсчлэлийн асуудлаа танилцуулсан байна. Улмаар хотын дарга С.Амарсайханы “Иргэдээс олон хувилбарт санал асуулга ав” гэх үүргийн дагуу дахин санал асуулга явуулахад иргэдийн 65 орчим хувь нь дэмжээгүй учир ийнхүү цуцалсан аж. 

2019-08-14 08:28

Улаанбаатар хотод маргааш хэрэгжих бүсчлэл БҮТЭЛГҮЙТСЭН ҮҮ

Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд нийслэлийн гурван бүсчлэлд хуваахаар болсон. Ингэснээр  түгжрэл буурч,  осол, зөрчил багасна гэдгийг ажлын хэсгийнхэн тайлбарлаж байгаа билээ.  А, B, C бүсчлэлийн тухайд хотын “А” бүсэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оруулах, “А” болон “В” бүсээр 07.00-17.00 цагт орон нутгийн дугаартай автомашиныг зорчуулахгүй байх.  Түүнчлэн техникийн улсын үзлэгт ороогүй, торгуулиа төлөөгүй автомашиныг “А”, “В” бүсэд нэвтрүүлэхгүй байх юм.

Бүсчлэлтэй холбоотой олон янзын байр суурь нийгэмд хөвөрч байгаа. Иргэд олон нийтийн зүгээс хамгийн их эсэргүүцэж буй.  Иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан ч тус шийдвэрийн хэрэгжилт наймдугаар сарын 15-нд буюу маргааш шат дараатайгаар эхлэхээр ярьж байв.

Нийслэлийн иргэд хамгийн их эсэргүүцэж байгаа бол НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хотын удирдлагууд энэхүү бүсчлэлийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тухайлбал,

Хотын дарга С.Амарсайханы хувьд “Нийслэлийн түгжрэлийг бууруулах, иргэдийг ая тухтай орчинд амьдруулах нь хотын удирдлагуудын үндсэн үүрэг. Бүсчлэлд хуваах ажил цаг үеийн шаардлагадаа нийцсэн, хүмүүсийн ухамсар, хариуцлагатай уялдсан үр дүн гарахуйц байх ёстой. Харамсалтай нь бид нэг алдаа гаргасан. Үүнийг хэрэгжүүлэхэд ямар ач холбогдол, хэрэгжүүлэхгүй бол ямар хохиролтой юм гэдгийг иргэдэд ойлгуулах мэдээ мэдээллээ сайн түгээгээгүй. Иргэдийн дунд буруу ташаа ойлголт маш их байна. Наймдугаар сарын 15-ныг хүртэл хэд хэдэн хувилбараар санал асуулга явуул” гэх лүндэнг буулгасан.

Харин НИТХ-ын дарга Р.Дагвын хувьд “1000 хүнд ногдох автомашины тооны хязгаарыг Улаанбаатар хот аль хэдийн давсан учраас аль болох л зөв зохицуулалт хийх хэрэгтэй. Ардчилсан нийгэмд хүн бүр хариуцлагатай ажиллаж, амьдрах зарчим байх ёстой. Татвар, торгуулийн төлбөрөө төлөхгүй байж болохгүй. 10-аас дээш удаагийн торгуулиа төлөөгүй 60 мянга гаруй жолоочийг хариуцлагажуулахад анхаарч ажиллах хэрэгтэй байна” гэсэн байдаг.

Бүсчлэлийг сэдсэн эрх баригчид уг нь иргэдийн дунд санал асуулга явуулж 70 гаруй хувь нь дэмжсэн гэх мэдээллийг өгсөн. Гэвч тэрхүү санал асуулга хэзээ, хаагуур явагдаад дуусав, ямар иргэд дэмжив гэдэг эргэлзээ төрүүлсэн. Хотын даргын лүндэнгээр дахин санал асуулга явуулж байгаа гэх боловч тэр нь хаагуур, хэнээс, хэрхэн санал аваад байгаа нь бас тодорхой бус байгаа юм. Тэр ч бүү хэл маргааш хэрэгжиж эхлэх нь ч тодорхой бус байдалтай байна.

Зарим эх сурвалжуудын мэдээлснээр, Нийслэлийн замыг гурван бүсчлэлд хувааж, жолооч нарыг замын хөдөлгөөнд оруулах эл асуудал нь хэрэгжихээ больж бүтэлгүйтсэн гэх. Ямартаа ч иргэдийнхээ бодит амьдралд нийцэхгүй, хөрсөн дээр буусан судалгаагүйн улмаас явуургүй болох нь.

Нийслэлээс өмнө нь автозамын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор Төв замын ачааллыг бууруулах үүднээс нийслэлийн төв зам буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл "баруун" гар тийш эргэхийг хориглосон шийдвэр гаргаж байсан ч жолооч нарын эсэргүүцэлтэй нүүр тулгарч, хүчингүй болгож байсан удаа бий.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг A, B, C гэж бүсчилж, иргэдийг хөдөлгөөнд оролцуулах нь зөв үү?

Нийт: 167 саналтай