Б.Бат-Эрдэнэ: Э.Оюунболдын авъяас чадвар, тамир тэнхээ хол илүү

Б.Бат-Эрдэнэ: Э.Оюунболдын авъяас чадвар, тамир тэнхээ хол илүү

Өнгөрсөн бямба гаригт улсын аварга Э.Оюунболд мэдэгдэл хийж “Миний шээсийг сольсон. Би допинг хэрэглээгүй. Бөхийн холбооны хоорондын маргаан дээд цэгтээ тулж түрүү бөхөө гутаан доромжилж байна. Миний шээсийг сольсон асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулна. Үүнийг зохион байгуулалттай гэмт хэрэг” гэсэн.

Тэгвэл түүний багш Дархан аварга Б.Бат-Эрдэнэ “Би Э.Оюунболдтой допингийн асуудлаар ярилцаагүй. Надад энэ талаар огт яриагүй. Би архи битгий уугаарай гэж Э.Оюунболдод захидаг. Допинг хэрэглэсэн үгүйг нь мэдэхгүй байна” гэж өмнө нь мэдэгдсэн. 

Тэгвэл тэрбээр өнөөдөр Төрийн ордонд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

-Э.ОЮУНБОЛД НАДТАЙ ЗӨВШИЛЦӨХГҮЙГЭЭР МЭДЭГДЭЛ ХИЙСЭН-

-Э.Оюунболд аваргын мэдэгдэлтэй холбоотойгоор байр, сууриа илэрхийлнэ үү?

-Би бүтэнсайны өглөө ирсэн. Хөдөө ч, хотод ирээд ч Э.Оюунболдтой холбоо барьж чадаагүй. Өөрөө мэдэгдэл хийж байна лээ. Мэдэгдэл хийхдээ надтай зөвшилцөөгүй. Миний хувьд энэ сарын 7-ны өдрөөс хөдөө албан ажлаар ажиллаад үргэлжлүүлээд эгчтэйгээ рашаанд цөөн хоног амраад ирлээ.

-Бөхийн холбооны маргалдаан наадмын түрүү бөхийг ийм байдалд хүргэсэн юм биш биз?

-Бөхийн холбооны маргаан 2002 оноос эхлэлтэй. Бараг 17 жилийн хугацаанд маргалдсан. 2017 оны гуравдугаар сард бөхчүүд “Их эе” хурлаа хийгээд надад холбооны тэргүүний ажлыг хариуцуулсан. Тодорхой бүрэлдэхүүн итгэл хүлээлгэсэн учир саналыг хүлээж авсан. Тэгсэн маргалдагч талууд нь хүлээж аваагүй. Тухайн үед нь би “Бөхийн төлөө эв эеийг баримтлах ёстой. Нэгдсэн хурлаа дахин хийхэд бэлэн гэсэн. Хэрвээ дахин хуралдвал би нэр дэвшихгүй. Миний нэрийг дэвшүүлсэн ч хүлээж авахгүй" гэж мэдэгдсэн. Түүнээс хойш бөхийн эв эеийг сахихын тулд нөгөө талын тавьж буй саналыг бүгдийг нь хүлээж авсан. Цаг хугацааны хувьд Их хурлаа хийж чадахгүй удсан. Тиймээс Аравдугаар сард хурлаа хийнэ гэж бодож байна. Л.Чинбаттай удаа дараа уулзсан. Хамт сууж байгаад лайв бичлэг хийсэн. Х.Баянмөнх гуайтай уулзсан. Бидэнд ойлголцохгүй зүйл үгүй юм. Хамгийн сүүлд баяр наадмын үеэр уулзсан. Түүнээс хойш холбоо барих гэж оролдсон ч нутаг руугаа явсан байна лээ. Би Б.Гантогтохтой утсаар ярьж Х.Баянмөнх аваргатай уулзахыг хүсч буйгаа дамжуулсан. Бидэнд нэгдсэн ойлголт, эв найрамдлаас өөр зүйл хэрэггүй. Би долоо хоног сүлжээгүй газарт байсан. Гэтэл намайг утсаа салгаад алга боллоо гэсэн. Сүүлд нь шавийгаа дагуулаад Солонгост цусыг нь шүүлгээд явж байна гэсэн. Ямар учиртай юм. Гүтгэлэг л юм. Бүр баяр наадмын комисстой уулзаж шинжилгээний хариуг өөрчлүүлэхээр хөөцөлдөөд явж байна гэж ярьсан. Миний хувьд Э.Оюунболдтой уулзаагүй байна. Өнгөрсөн жил ч мөн ингэж гүтгэсэн. 

-ШЭЭСИЙГ НЬ СОЛЬСОН ЭСЭХИЙГ МЭДЭХГҮЙ БАЙНА-

-Э.Оюунболд аварга мэдэгдэл хийхдээ “Наадмын өмнө намайг дарамталж байсан. Сэргээш хэрэглэсэн болгож гүтгэнэ гэсэн дарамтыг байнга хийж байсан” гэсэн. Тийм дарамт ирсэн нь үнэн юм болов уу?

-Би мэдэхгүй байна. Миний ажил тэр хүнээс хол байна шүү дээ. Энэ хүүхэд миний нутгийнх. Сайн яривал нэг ээжтэй, нэг гол усны садан сүлбээтэй хүмүүсийн үр хүүхдүүд. 14 настайдаа миний үүсгэн байгуулсан ахлах сургуульд ирж суралцсан. Дараа нь дээд сургуульд нь сурсан. Түүнээс хойш “Эрдэнэт” үйлдвэр” "Хүч" нийгэмлэг, цагдаагийн байгууллагын нэрээр барилдсан. 20 настайдаа улсын баяр наадамд зургаа давсан. Түүнээс хойш улсын баяр наадамд түрүүлсэн. Түрүүлснээсээ хойш дэмий тэнэсэн, янз бүрийн юм идэж, уусан гэх мэдээлэл дуулдаж байсан. Уучихаад явж байхдаа надтай тааралдаагүй.  Би санаа зовж сүүлийн нэг жил гаруй утас, мессежээр байнга холбогдож “Чи хаана явна. Бэлтгэл сургуулилтаа хийж байна уу” гэж харьцаж байсан. Түүнээс өдөр бүр бэлтгэл дээр нь очиж чадахгүй шүү дээ. Би баяр наадмын өмнө Сүүж ууланд бэлтгэлд гарсан үеэр очиж уулзсан.

-Шээсийг нь солих боломж бий юу?

-БИ жүдо барилдааны төрлөөр олон тэмцээнд оролцдог байлаа. Миний хувьд жилдээ 3-4 удаа медаль авдаг байв. Медаль авсан тамирчдаас  сэргээшийн шинжилгээ авдаг байсан. 2003 оноос хойш хуулийн дагуу шөвгийн 16 бөхөөс шинжилгээ авдаг болсон. 2006 он хүртэл наадамд шөвгөрч байсан учраас би шинжилгээг нь өгдөг л байсан. Шээлгээд л хоёр төрлийн саванд хувааж хийгээд таглан лац ломбыг нь хийдэг. Манай Монгол бөхийн хүрээнд л ийм маргаан гарах юм. Түүнээс дэлхийн бусад тэмцээнд ийм маргаан гарахгүй шүү дээ. 2007 оноос хойш наадамд барилдаагүй учир сүүлийн үед шинжилгээг нь яаж авдгийг мэдэх юм алга. Шинжилгээ авдаг өрөө тасалгаагаар нь орж үзээгүй. Хэл амны нэмэр гэж бодоод ордоггүй. Солигдох боломжтой эсэх талаар ёстой мэдэх юм алга.

-Э.Оюунболд аварга гуравдагч улсад шинжилгээ өгнө гэж мэдэгдсэн?

-ДНК шинжилгээ өгнө гэж байна лээ. Тэгэж болдог юм болов уу .  Мэдэх зүйл алга.

-ҮНЭХЭЭР САНААНД БУУХГҮЙ БАЙНА-

-Бөхчүүдийн маргаан үнэхээр асуудалтай байна. Үүнийг яаж шийдэх юм бэ?  

-Одоо хэрэлдэж, маргалдаж болохгүй ээ. Үндэсний эрх ашиг, үйл хэрэг л чухал юм. Энэ өв соёл, зан суртахуунаа дараа үедээ өвлүүлэх эрх ашгийн үүднээс л асуудалд анхаарах ёстой юм. Э.Оюунболд барилдаан, бие бялдар, хүч тамир тэнхээ, авъяасын хувьд төрмөл. Гэтэл нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн гэх юм. Үнэхээр санаанд буухгүй байна. Наадамд түрүүлчихээд надад үнсүүлэн. Дараа нь Хүй  долоон худагт таарсан. Дараа нь уяачдын наадам болон Өмнөдэлгэрт болсон нэг арга хэмжээн дээр уулзсан. Түүнээс хойш холбогдоогүй. Надад энэ талаар огт яриагүй. Ер нь бөхийн холбоо олон нийтийг төөрөгдүүлсэн мэдэгдлийг хийж болохгүй юм. Төрийн баяр наадмыг зохицуулсан хуулийн хүрээндээ бүх асуудлаа шийддэг баймаар байна.

-Сайн барилддаг бөхийг хорлодог зүйл үнэхээр бөхийн амьдралд бий юу? 

-Бөх, морь сэвтэх нь их амархан. Тиймээс бөх, морийг монголчууд их хайрладаг.  Ариун дагшин, сүлд хийморио өндөрт авч явах ёстой. Монголчууд аймгаараа талцаж нутгархаад хэрэггүй дээ. Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн гэж бодохоор санаанд нэг л орохгүй байгаа юм даа. Одоо цаашид Баяр наадмын комисс, Допингийн эсрэг үндэсний холбооны л ажил шүү дээ. Ер нь манай хүү тамир тэнхээ, барилдааны мэдрэмжээр хол илүү юм. 




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө