WASHINGTON POST: Бөх, жүдогоор тамирчдаа бэлтгэж ирсэн Монголд сагсан бөмбөг хэчнээн алдартай болсны илрэл шигшээ баг нь байлаа

WASHINGTON POST: Бөх, жүдогоор тамирчдаа бэлтгэж ирсэн Монголд сагсан бөмбөг хэчнээн алдартай болсны илрэл шигшээ баг нь байлаа

Өнөөдөр манай 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг талбайн эзэн Японтой гурав дахь тоглолтоо хийсэн бол тун удахгүй нэг ч удаа хожигдоогүй яваа ОХУ-ын шигшээтэй өрсөлдөх гэж байна. Энэ удаагийн олимпод тамирчид маань ямар үр дүн үзүүлэхээс үл хамааран Монголын сагсан бөмбөгийн шинэ түүхийг бичиж, олон залууст урам зориг тэмүүлэл өгч буй нь бахархмаар.

Тэгвэл Монголын эмэгтэй сагсчдын талаар “The Washington Post” сонинд гарсан нийтлэлийг уншигч танд хүргэж байна. Уг нийтлэл өчигдөр/2021.07.24/ манай багийн АНУ-тай хийсэн тоглолтын дараа гарчээ. 

МОНГОЛЫН 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ ХОЁР ХОЖИГДСОН Ч ГАЛ ГАРГАВ

Онолбаатарын Хулан ердөө дөрвөн жилийн өмнөөс төрөлх Монгол орондоо сагсан бөмбөг тоглож эхэлсэн бөгөөд өөрийн дуртай NBA-ийн оддын “YouTube” дээр тавигдсан бичлэгүүдийг үзэж, хэрхэн тоглохыг сурчээ. 18 насандаа 3х3 эрэгтэй шигшээ багийн тамирчин О.Энхбаатараас урам зориг авч, уг спортоор хичээллэсэн боловч хаанаас эхлэхээ сайн мэдэхгүй байв. Удалгүй тэр их сургуулийнхаа багт, дараа нь улсынхаа шигшээ багт элссэн байна. Багийнхантайгаа хамт амьдрах болж, байрныхаа шатаар дээш, доош гүйхийн сацуу өвлийн хүйтэнд гадаа талбайд бэлтгэл хийдэг байв. Мөн бусад тамирчинтай тоглох цаг ирэхэд сайнаар нөлөөлнө хэмээн ууланд хүнд бэлтгэл хийдэг байжээ. 

О.Хулан “Би сургуулийнхаа сагсны талбайд өрсөлдөгчөө төсөөлөн, хөдөлгөөнийг нь дууриаж ганцаараа тоглодог байсан” гэж хэлэв. Бямба гарагийн орой О.Хулангийн төсөөлөл бодит болсон юм. 

Монголын эмэгтэй баг 3х3 сагсан бөмбөгийн төрөлд олимпод дебют хийхдээ АНУ-тай тоглов. Хэдий тэмцээнд Америкчууд 21:9-ийн харьцаатай ялалт байгуулсан ч дөрөвхөн жилийн өмнөөс сагс тоглож эхэлсэн О.Хулан болон түүний багийнхан эх орноосоо уг спортын төрөлд өрсөлдсөн анхны тамирчид болсон юм. Бөх, бокс, жүдо зэрэг спортын төрлүүдэд голлон тамирчдаа бэлтгэж ирсэн гурван сая хүн амтай Төв Азийн энэ улсад 3х3 сагсан бөмбөг хэчнээн алдартай болсны илрэл тэд байлаа.  

О.Хулан энэ долоо хоногийн эхээр өгсөн ярилцлагадаа “Би сагс сонирхдог охидод үлгэр дууриал үзүүлэхийг хичээж байна. Эмэгтэй тамирчид, ер нь Монголын эмэгтэйчүүдийг энэ том тайзан дээр төлөөлөх нь үнэхээр сэтгэл хөдөлгөм зүйл юм. Өдгөө манай улсад 3х3 сагсан бөмбөгийн спорт яг л үндэсний спорт шиг болсон. Бүгд тоглож байна. Бүгд л зурагтаар үзэж байна. Энэ бидний хувьд үнэхээр том зүйл” гэжээ.

О.Хулан багийн спортын төрлийг Монголд хөгжүүлэхийг хүсдэг охидын төлөөлөл бөгөөд Баасан гарагийн үдэш болсон олимпын нээлтийн ёслолд өөрийн улсын тугийн барьсан анхны эмэгтэй тамирчин болсон юм.

Сүүлийн 10 жилд энэ спортын төрөл цойлж гарсан нь Токиогийн Олимпийн наадамд шалгарч чадаагүй ч Азидаа хамгийн шилдэгт тооцогдох эрчүүдийн алдартай шигшээ багийг байгуулахад түлхэц болжээ. Тус улсын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Лувсандашийн Мягмаржав “2000-аад оны эхэн үеэр Монгол залуус 3х3 сагсан бөмбөг сонирхож эхэлсэн. Монголд ойролцоогоор 20 мянга гаруй хүүхэд энэ төрлөөр хичээллэж байна. Үүний тэн хагас нь охид” гэв. 

Олон улсын тоглолтод Монголын багт хүнд хэцүү мөчүүд байсан. 2019 онд Монгол Улс дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анхны тоглолтоо Амстердамд хийсэн боловч дөрвөн тоглолтод бүгдэд нь ялагдсан. Гэхдээ Азийн аваргын цомын төлөөх тэмцээнд амжилтаа ахиулан, дөрөвдүгээр байрт шалгарчснаар дэлхийн чансаанд бичигдэж, Олимпын эрхээ авч чадсан юм. Энэ нь тус улсын эмэгтэйчүүдийн спортын хувьд чухал мөч байсан бөгөөд багаа агшин зуур од болгосон гэж хэлж болно. Монголын охидын баг Токиогийн олимпод өрсөлдсөн нь цаашид илүү олон охидод урам зориг өгч, боломж олгоно гэж найдаж байна. 

Эх сурвалж: The Washington Post