Ц.Эрдэнэбаяр: АИ 95 авто бензиний үнийг бууруулах арга хэмжээ авна

Ц.Эрдэнэбаяр: АИ 95 авто бензиний үнийг бууруулах арга хэмжээ авна

АИ-95 авто бензиний үнэ энэ сарын хугацаанд гурван удаа нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар шатахуун түгээх станцуудаар харилцан адилгүй 2550-2650 гэсэн үнээр борлуулагдаж байна. Үүнтэй холбоотой АМГТГ-ын Газрын тосны асуудал эрхэлсэн орлогч дарга Ц.Эрдэнэбаяр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

 “Манай улс ОХУ-ын Рос-Нефть компани дахь газрын тосны үйлдвэрээс АИ-92 авто бензинийг нийлүүлэлтээр авдаг. Үйлдвэрлэлийн өөрийнх нь процесс, засвар үйлчилгээ, ОХУ-д болж буй дотоод сонгууль гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалж дотоодын хэрэгцээ нэмэгдсэн. Улмаар есдүгээр сард манайд нийлүүлдэг АИ-92 бензиний хэмжээг бууруулсан. Үүнийг дагаад Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хэмжээ багассан. 

Тиймээс бид БНХАУ-аас тодорхой хэмжээнд А-92 бензиний захиалгын хэмжээг нэмэгдүүлж ажиллаж байна. Гэвч БНХАУ-д дотоодын төмөр замын тээвэрлэлтээс шалтгаалж, газрын тосны нөөц багассан. Үүнтэй холбоотой зарим аж ахуй нэгж тодорхой хэмжээний хязгаарлалт тогтоож байна.

Монгол Улс шатахууны 30 хоногийн нөөцтэй байх ёстой. Одоо 21, 18 гэх мэтээр нөөц багасаж байна. Гэхдээ хомсдол үүсээгүй. Нөөцийн хэмжээ багасаж буйг хомсдол гэж ойлгож болохгүй.

АИ-92 автобензиний үнийн хувьд өөрчлөлт гараагүй. Улаанбаатар хотын хэмжээнд 2050 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт зарим шатахуун түгээх станцуудад АИ-95 автобензиний үнэ өссөн. Үүнтэй холбоотой манайхаас албан мэдэгдэл явуулна. АИ 95 бензин дээр үнийн өсөлт явуулах шаардлага байхгүй. Тиймээс бид буцаагаад үнийг бууруулах арга хэмжээг авч ажиллана" гэв. 

Түүнчлэн тэрбээр шатахууны үнэ нэмсэн аж, ахуй нэгжүүдэд ямар арга хэмжээ авах талаар “Бид үнээ буцаж буулгах хугацаатай мэдэгдэл явуулна. Хэрэв үнээ буулгахгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээ авна” гэлээ.