ХЭРГИЙН ГАЗАР: Бясалгал хийж байгаад алга болсон бүсгүй тус "баясгалын төв"-ийн нүхэн жорлонгоос олджээ

ХЭРГИЙН ГАЗАР: Бясалгал хийж байгаад алга болсон бүсгүй тус "баясгалын төв"-ийн нүхэн жорлонгоос олджээ

Өнгөрсөн зун 2020 оны долдугаар сарын 31-нийн оройн 22:35 цагт Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Мэлхий хадны ойролцоох “Тэнгэрийн энерги бясалгалын төв”-өөс иргэн Б.О 25 настай эмэгтэй ор сураггүй алга болж цагдаа, онцгой байдлын олон алба хаагчид болон ард иргэд, гэр бүлийнхэн нь хамтарч Тэрэлж орчмыг бүтэн самнаж хайсан ч түүнийг олоогүй билээ.

Тэгвэл бүсгүйн цогцос нэг жил гаруйн дараа буюу энэ аравдугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн орчимд нүхэн жорлонгоос олдсон байж болзошгүй байна. Учир нь бидэнд ирсэн эх сурвалжийн мэдээллээр "Өнгөрөгч зун Тэрэлж орчмоос сураггүй алга болсон бүсгүйн цогцос байна" гэсэн хэдий ч ЦЕГ-аас "Б.О бүсгүйн цогцос мөн эсэхийг тогтоохоор ажиллаж байна" гэж мэдэгдсэн юм. Иймд манай редакц тус хэргийг анхнаас нь сурвалжилж байсны хувьд хэрэг явдлыг тодруулахаар цогцос олдсон гэх газрыг зорьсон юм.

Хэргийн газар. 2021.10.12

-АЙЛЫН НҮХЭН ЖОРЛОН БИШ АЛГА БОЛСОН БЯСАЛГАЛЫН ТӨВИЙНХӨӨ ЖОРЛОНГООС ОЛДЖЭЭ-

Тодруулбал, цогцос олдсон гэх өдөр 17:30 цагт Нийслэлийн онцгой байдлын албанд “Налайх дүүргийн 6 дугаар хороо, Ээлтэй гэх газар цогцос байна” гэсэн дуудлага иржээ. Ингээд Налайх дүүргийн алба хаагчид болон мэргэшсэн шинжээч, прокурор зэргийг оролцуулан үзлэг хийж 4 метрийн гүнтэй модон жорлонг эвдэж цогцсыг гаргасан байна. Мөн хэргийн газраас эд мөрийн баримтаар, футволк, өмд цамц, дотуур хувцас тус бүр нэг ширхэг,оймс, гутал тус бүр нэг хосыг хураан авсан гэж буй.

Биднийг хэргийн газарт очиход уул, хад, модоор хүрээлэгдсэн байгальтай төмөр торон томоохон хашаа хатгасан газар угтсан юм. Ингээд хашаан дотор байх нүхэн жорлонгоосоо жаахан зайдуухан цөөн тооны Монгол гэр, хэдэн кантенар, урт модон байшин байв. Харин тус газарт ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй “бясалгалын төв” зэрэг хаяг ч байхгүй байлаа. Иймд бид тус газарт байгаа хүмүүсээс зарим зүйлийг тодруулах гэсэн болов ч тэд “Мэдээлэл өгөх боломжгүй. Энд тогтмол оршин суудаггүй” гэж байв.

Хэргийн газар. 2021.10.12

Хачирхалтай нь, зарим хэвлэл мэдээллээр тус цогцосыг айлын хашааны нүхэн жорлонгоос олсон гэсэн байсан ч  “бясалгалын төв”-ийн хажуу хашааны айлын нүхэн жорлон биш тус төвийн жорлонгоос олдсон байгаа юм. Мөн нүхэн жорлон нь төв замын хажууханд байв. Тус жорлонг нурааж, цогцсыг гаргасан болов уу гэмээр эргэн тойронд нь хүрз, ажлын бээлий, урт олс, амны маск, цагдаагийн тэмдэглэгээ бүхий тууз байх бөгөөд арц, хүж асааж, жорлонгийн бохир эргэн тойронд хурц үнэртэж байв. Мөн тус нүх усаар дүүрсэн байлаа.

Хэргийн газар. 2021.10.12

-ХӨЛ АЛДАЖ УНАСАН ГЭХЭЭРГҮЙ МАШ ЖИЖИГ НҮХ БҮХИЙ ЖОРЛОН БАЙВ-

Б.О бүсгүй алга болсон өдрөө ээжтэйгээ утсаар ярьж, “Намайг ирж аваарай” гэж дуудсан байдаг. Ингээд 22:35 цагийн үед “ээж ирчих шиг боллоо” гэсээр гарч яваад, эргэж ирээгүй гэдэг. Харин 2020 оны наймдугаар сард 100 гаруй цагдаа, онцгой байдлын албан хаагч Тэрэлжийг самнаж, хил гаргасан, хүн авч явсан зэрэг олон таамгийг дэвшүүлж, байж болох бүхий л газрыг үзсэн гэсэн атал яагаад ойролцоох нүхэн жорлонд үзээгүй нь хачирхалтай. Эсвэл гадны нөлөөтэй ч байж болзошгүй юм.

Ингээд бид тус газраас холгүй байх нэгэн газрын манаачаас тодруулахад, “Энэ хажууд цагаан хоолтны газар байдаг. Байнга л идэвхтэй үйл ажиллагаа явуулж л харагддаг. Хүмүүс олноороо ирээд буцаж л байдаг. Өчигдөр тэдний зам дагуух нүхэн жорлонгийн гадаа бохир соруулдаг автомашин ирчихсэн соруулаад, олон цагдаа нар харагдаж байсан” гэсэн юм.

Хэргийн газар. 2021.10.12

Тэгэхээр тус газар “хаяг”-аа авсан ч бясалгалын төв, цагаан хоолны чиглэлээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байж болзошгүй байгаа юм. Харин тус газрын нүхэн жорлонд нэг жил гаруйн дараа хүний цогцос байгааг харсан гэдэг нь бас л хачирхалтай байгаа юм. Учир нь тус нүхэнд хүн хөл алдаж унасан гэхэд маш жижиг, тойрог хэмжээтэй байв.

Иргэд анхаарал болгоомжтой байхыг сануулах үүндээс тус мэдээллийг нийтлэв.