БАРИМТ: Л.Халтар сайдын "нэрийг сэвтүүлсэн" ХОЁР компани “сөрөг” мэдээлэл гарснаас НЭГ өдрийн дараа татан буугджээ

БАРИМТ: Л.Халтар сайдын "нэрийг сэвтүүлсэн" ХОЁР компани “сөрөг” мэдээлэл гарснаас НЭГ өдрийн дараа татан буугджээ

Эрээний хил энэ сарын 10-ны өдөр нээгдэж, 54 автомашиныг дундын бүс рүү оруулсан ч БНХАУ дахин хилээ хаасан нь энэ долоо хоногийн онцлох сэдвүүдийн нэг байлаа. Харин эл асуудалтай холбоотойгоор Зам тээврийн сайд Л.Халтар “Сарын 300 сая төгрөгийн орлоготой чингэлэг тээврийн “Үндэсний тээврийн корпораци”-тай хамааралтай” гэх мэдээлэл цахим сүлжээнд дэлгэгдэж, олны анхаарлыг татсан.

"Үндэсний тээврийн корпораци" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн И.Шатархүү

-САРД 300 САЯЫН “ХАЛААСЛАХ” ҮНДЭСНИЙ ТЭЭВРИЙН КОРПОРАЦИ ХХК-ТАЙ Л.ХАЛТАР САЙД ХАМААРАЛТАЙ ЮУ-

УИХ-ын гишүүн С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Төмөр зам тойрсон авилга, хээл хахууль нэг вагон тавиулахад захиалгын шагийн үнэ 500 сая төгрөгт хүрсэн” болохыг мэдэгдсэн. Тэгвэл энэхүү асуудалд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Улаанбаатар төмөр замд ажилладаг түүний эхнэр Ц.Ганзул болон тэдэнтэй хамтран компани эзэмшдэг "Илинк экспресс" тээвэр зуучийн компанийн захирал И.Шатархүү нарын оролцоо байж болзошгүй талаарх мэдээлэл энэ сарын 15-ны өдөр цацагдсан.

"Үндэсний тээврийн корпораци" ХХК-ийг эзэмшигчдийн мэдээлэл

Тус мэдээлэлд, нь Эрээн Замын-Үүдийн боомтоор өдөрт нэвтрүүлэхээр төлөвлөж, 50 ширхэг чингэлэг бүрээс 220 мянган төгрөг буюу өдөрт 11 сая, сард 300 сая төгрөгийг тээвэр хийлгүйгээр сул авдаг болохыг дурдсан байдаг. Харин эл хэмжээний ашигтай ажиллах компанийн “босс” нь Л.Халтар сайдын бизнесийн найз гэх. Тодруулбал, "Үндэсний тээврийн корпораци" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, "Илинк экспресс" тээвэр зуучийн компанийн захирал И.Шатархүү нь Л.Халтар сайд болон түүний эхнэртэй дараах компаниудыг хамтран эзэмшдэг байна. Энэ нь ашиг, сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй гэх хардлага төрүүлсэн.

Л.Халтар, И.Шатархүү нар "Монгол Чихэр корпораци" ХХК-ийг эзэмшдэг гэх мэдээлэл

Л.Халтар сайдын эхнэр Ц.Ганзул, И.Шатархүү нар "Ти Эф Ти трейд" ХХК-ийг эзэмшдэг гэх мэдээлэл

-“ТИ ЭФ ТИ ТРЕЙД” ХХК, “МОНГОЛ ЧИХЭР КОРПОРАЦИ” ХХК Л.ХАЛТАР САЙДТАЙ ХЭРХЭН НЭР ХОЛБОГДОВ-

Зам тээврийн сайд Л.Халтар "Үндэсний тээврийн корпораци" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, "Илинк экспресс" тээвэр зуучийн компанийн захирал И.Шатархүүтэй "Монгол Чихэр корпораци" ХХК-ийг хамт эзэмшдэг байжээ. Харин сайдын эхнэр Ц.Ганзултай “Ти Эф Ти трейд” ХХК-ийг хамтран эзэмшдэг гэх мэдээлэл opendatalab.mn сайтад бүртгэлтэй байгаа юм. Энэ нь ч дээрх хардлагыг төрүүлэх гол шалтгаан болсон.

-“ТИ ЭФ ТИ ТРЕЙД” ХХК, “МОНГОЛ ЧИХЭР КОРПОРАЦИ” ХХК-ИЙГ ЭНЭ САРЫН 16-НЫ ӨДӨР ТАТАН БУУЛГАЖЭЭ-

Тэгвэл Л.Халтар сайдтай нэр холбогдсон хоёр компанийг дээрх мэдээлэл гарснаас хойш НЭГ хоногийн дараа татан буулгажээ. Тодотговол, Зам тээврийн сайд Л.Халтартай хамааралтай “Ти Эф Ти трейд” ХХК, “Монгол чихэр корпораци” ХХК нь энэ сарын 16-ны өдөр татан буулгасан гэх мэдээлэл Улсын бүртгэлийн нэгдсэн санд бүртгэгджээ. 

УБЕГ-ийн Татан буугдсан хуулийн этгээдийн жагсаалтад "Монгол Чихэр корпораци", “Ти Эф Ти трейд" багтжээ

-КОМПАНИЙГ ЯМАР ТОХИОЛДОЛД ТАТАН БУУЛГАХ ВЭ-

Тэгвэл компанийг ямар тохиолдолд татан буулгадаг Компаний тухай хуульд тодорхой заажээ. Тодотговол,  

  • тус хуулийн 26 дугаар зүйлийн 1.Компанийг хувьцаа эзэмшигчдийн хурлын болон шүүхийн шийдвэрээр Иргэний хууль, энэ хууль болон бусад хуульд заасан үндэслэлээр татан буулгана.
  • 2.Шүүх компанийг дор дурдсан үндэслэлээр татан буулгана: 26.2.1.дампуурсан; 26.2.2.нэг ч гишүүн үлдээгүй; 26.2.3.хуульд заасан бусад үндэслэл.
  • 3.Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр татан буугдаж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь компанийг татан буулгах комисс томилох, татан буулгах хугацаа, журам, зээлдүүлэгчдийн нэхэмжлэлийг барагдуулсны дараа компанид үлдэх эд хөрөнгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилах журам зэргийг тусгасан татан буулгах төслийг хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ.
  • 4.Татан буулгах комиссыг томилсноор тухайн компанийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болж татан буулгах комисст шилжих бөгөөд уг комисс нь татан буугдаж байгаа компанийн нэрийн өмнөөс шүүх хуралд төлөөлөн оролцоно.
  • 5.Татан буулгах комисс үүргээ гүйцэтгэх үедээ өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас тухайн компанид, эсхүл зээлдүүлэгчид хохирол учруулсан бол уг хохирлыг хуульд заасан журмын дагуу нөхөн төлнө.
  • 6.Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийн 26.2-т заасан үндэслэлээр хувьцаат компанийг татан буулгах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” хэмээн заажээ.

Ямартай ч Л.Халтар сайд шуурхай ажиллаж, нэрийг нь сэвтүүлээд байсан хоёр компанийг ийнхүү татан буулгаж, Улсын бүртгэлээс хасуулсан байна.