Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах болов уу

Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах болов уу

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьж буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр (2019.12.04) албан бичиг илгээж мэдэгдлээ. Тухайлбал, ирэх оны төсөвт барилга байгууламжийн хөрөнгө оруулалт, урсгал зардал, алдагдал өндөр байгаад хориг тавьсан юм. Мөн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар нэмэгдэх нь иргэдийн амьдрал, аж ахуй  нэгжид дарамт болно хэмээн үзжээ.

 Ерөнхийлөгчийн хоригт:

 -Улсын төсөв бол өнөө маргаашийн өчүүхэн эрх ашигт үндэслэх ёсгүй. Монгол Улсын 2019 оны төсөв 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай, хэт үрэлгэн, татвар төлөгчдийн мөнгийг Улсын Их Хурлын гишүүдийн тойрогт “авлига” мэтээр хуваарилсан, зураг төсөлгүй олон барилга, байгууламжийг барихаар тусгасан зэрэг алдаа дутагдал ихтэй, Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг илэрхий зөрчсөн байдалтайгаар батлагдсан бөгөөд үр дүн нь Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо хэдэн сургууль, цэцэрлэг барьснаа сайрхаж, сурталдахаас цааш хэтрээгүй гэж хэлж болно.

Энэ жил нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй, өмнөх жилийн алдаа, завхрал улам төгөлдөржиж, дахин давтагдсан байдалтай байна. Тухайлбал, Улсын Их Хурлаар батлагдаад байгаа 2020 оны төсвийг сонгуулийн явцуу ашиг сонирхолд илт баригдсан, хэтэрхий өндөр зарлагатай, тухайн зарлагадаа тохируулж үндэслэл муутай, бүрдэхээргүй хийсвэр орлогыг ихээр төлөвлөж тооцсон, төсвийн алдагдлыг 2.07 их наяд төгрөгт хүргэж улам нэмэгдүүлсэн зэрэг улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд хүндрэл учруулах олон дутагдалтай, алдаа ихтэй, эрсдэл бүхий төсөв болсон гэж дүгнэж болохоор байна. 

Хэдийгээр улсын төсвийг батлах нь Улсын Их Хурлын бүрэн эрх мөн боловч хувь хүний ухамсар, ёс зүй болон албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд тодорхой хязгаарлалтууд тогтсон байдгийг гишүүн бүр анхаарвал зохино.

Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар Монгол Ардын нам “Иргэдээ ядуурлаас аварна” гэх уриатай сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ард иргэдэд танилцуулж, төсвийн алдагдал 1 их наяд төгрөг давах болсныг шүүмжлэн “үр ашиггүй зардлуудыг танаж хэмнэлтийн горимд шилжүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулна, татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй” гэсэн тодорхой амлалтуудыг ард түмэнд өгч, сонголт дэмжлэгийг нь татсанаар Үндсэн хуулийн дээрх үзэл санаа, зохицуулалтын дагуу төрийн эрх барих эрхийг олж авсан бол тухайн намаас нэр дэвшин сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн хувийн явцуу ашиг сонирхлоо хойш тавьж, нийт иргэн, улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах нэн хариуцлагатай үүргийг хүлээсэн болно. Үндсэн хуульд тусгалаа олж, бусад хуулиар баталгаажсан ийм тодорхой болзлоор ард түмний мэдэлд буй засгийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх эрх олж авсан намын, түүнээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр хий хоосон уриа, лоозон байж таарахгүй. Харамсалтай нь эрх баригчид ард түмэнд өгсөн дээрх болон “эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй” гэх мэт гоё сайхан амлалтуудаа бүрэн умартаж, татвар, төлбөр, шимтгэлийг нэмэгдүүлэх замаар ачааны хүндийг ард иргэдэд үүрүүлэх бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирлээ. Тухайлбал 2017 оноос хойш хадгаламжийн хүүгийн, хувь хүний орлогын, газар эзэмших, ашиглах эрх борлуулсны, импортын тамхины, согтууруулах ундааны, суудлын авто машины, шатахууны зэрэг долоон төрлийн татварыг нэмэгдүүлж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмж, нийгмийн даатгалын шимтгэлийг гурван хувиар өсгөөд байгаа. 2020 онд нийгмийн даатгалын шимтгэл дахин хоёр хувиар өсөж, ард иргэдийн амьдралд учирч байгаа хүндрэл, дарамтыг улам нэмэгдүүлэн, бүрэн туйлдуулах нөхцөл бүрдээд байна.

Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийн нэмэгдлээс 174.2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг эрс эсэргүүцэж буй иргэдийн шаардлагыг Улсын Их Хурал хүлээн авч амлалт, хөтөлбөртөө нийцсэн хүнлэг, оновчтой бодлогоор нэн тэргүүнд залруулах шаардлагатай гэж үзэж байна.

2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Нийгмийн даатгалын байгууллагад бүртгэлтэй 46 мянга орчим ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын 19 мянга орчим нь 176 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй гэсэн тоон мэдээлэл байна. 2020 оноос нийгмийн даатгалын шимтгэл дахин нэмэгдэх тохиолдолд эдгээр ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын өр улам өсөх, Нийгмийн даатгалын сангийн алдагдал ихсэх, ажил олгогчдын ажлын байр шинээр бий болгох болон ажилтныхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх сонирхол эрс буурах, дундаж давхаргын амьдрал доройтох, ажилгүйдэл ядуурал улам тэлэх зэрэг ноцтой, сөрөг үр дагаврууд шууд бий болох эрсдэлтэй байна хэмээн дурджээ.

Ингээд УИХ-ын зарим гишүүн Ерөнхийлөгчийн хоригийн талаар ямар байр суурьтай байгааг дор хүргэе.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар:

-Ерөнхийлөгчийн хоригийг албан ёсоор хэлэлцэж эхлээгүй учраас УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд дураараа ярих боломжгүй юм. Хоригийг хүлээж авах талаас нь ярих ёстой. Засч залруулах талаас нь ярих нь зөв гэж хувь гишүүний хувьд бодож байна. Ялангуяа, ирэх оны төсөвт тусгасан барилга байгууламжийн талаар эргэж харах зүйл байгаа. УИХ-аар төсөв хэлэлцэж байх үед энэ талаар шүүмжлэлтэй хандаж байсан. Төсвийн урсгал зардал их өндөр батлагдсан. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувьд ОУВС-тай тохиролцох ёстой.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-ОУВС-гийн хөтөлбөрт орохдоо тохиролцоод нийгмийн даатгалын шимтгэлийг таван хувиар нэмэгдүүлэх болсон. Миний хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхийн эсрэг байр суурьтай байгаа. ОУВС-гийн хөтөлбөрөөс ирэх оны тавдугаар сард гарна. Одоо уг хөтөлбөрийг үргэлжүүлэх, гарах эсэхийг шийднэ. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авъя гэвэл ОУВС-гийн хөтөлбөрөөс гарах шаардлага тулгарна. Ийм учраас Засгийн газар, Сангийн сайд ОУВС-тай уулзалт хийх ёстой. Нэг ёсондоо нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээр орж ирэх мөнгийг өөр эх үүсвэрээс гаргах талаар тохирох учиртай юм. Монгол Улсад өөрөө өөрийгөө авч явж чадахгүй салбар олон бий. Тэдний нэг нь Нийгмийн даатгалын сан. Ирэх оны төсөвт тусгаснаар энэ сан 2.1 их наяд төгрөгийн орлого олно. Тэгээд 2.5 их наяд төгрөгийн зарлага гаргаж байгаа. Иймд 400 тэрбум төгрөгийн татаас улсын төсвөөс авна гэсэн үг. Төсөвт дарамт учруулж буй бас нэг асуудал бол халамж. Нийт 17 халамжид 756 тэрбум төгрөг зарцуулж байна.

Ерөнхийлөгчийн хоригийг ярилцаад ямар боломж, гарц байгааг харах ёстой. ОУВС-тай Засгийн газрын зүгээс ярилцаад нийгмийн даатгалын шимтгэл нэмэхгүй ямар арга, тооцоо судалгаа байгааг гаргах нь зүйтэй болов уу. Харин ОУВС байр суурьтаа хатуу зогсоно гэвэл хоригийг хүлээж авахад түвэгтэй болно.