ЧУУЛГАН: Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ЧУУЛГАН: Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Уг төсөлд 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө тэтгэврийн зээл авсан ахмадын зээлийг нэг удаадаа тэглэхээр заасан юм. Нийт 239 мянган ахмадын 758 тэрбум төгрөгөөр тэглэнэ.

-ЗЭЭЛ АВААГҮЙ 192 МЯНГАН АХМАДАД САЛХИТЫН ОРДЫН ОРЛОГООС АВАХ БОНДЫН ЭРХИЙН БИЧИГ ӨГӨХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА-

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хоёрдугаар сарын 1-нээс иргэд тэтгэврийн зээл авахгүй юм байна.  Гурван сараас хүүгүй хугацаагүй өгнө гэж байна. Цагаан сарын өмнө урьдчилж авна гэвэл тэр нөөцийг хангах уу. Байгалийн баялаг нийт ард түмний өмч, ард түмний мэдэлд байна. Байгалийн баялгаа ард иргэддээ хуваарилна гэж байгаа бол яагаад ялгаварлаад байгаа юм бэ. Тэтгэврийн зээл аваагүй нь яах вэ. Бүх банкинд зээлийн эрсдэлийн сан гэж байдаг. Зээлдэгч нас барвал зээлийг хүчингүй болгодог. Гэтэл яагаад үр хүүхэд нь зээлийг нь төлөөд байсан юм бэ. Энэ санг ажиллагаанд оруулж болохгүй юу. Салхитын ордын ашиглалтын маргаан дуусаагүй байхад бонд гаргаж болох уу. Хөгжлийн банк энд оролцож байгаа нь хууль зөрчих үү?Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: Тэтгэврийн зээл тэглэж байгаа асуудал арилжааны банкны бүтээгдэхүүнтэй холбоотой. Энэ бүтээгдэхүүн нь эрсдэлтэй учраас өөр зүйл гаргахаар ажиллаж байна. Хөгжлийн банк баталгаа гаргана. 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол:

Улсын хэмжээнд 421 мянган ахмад бий. Тэднээс 229 мянган ахмад нь  776 тэрбум төгрөгийн зээл авсан. Хугацаа хэтэрсэн тэтгэврийн зээл  1.1 тэрбум.

Ахмадуудын 91 хувь нь 6 сая төгрөгийн, 21400 иргэн 7-30 хүртэлх сая төгрөгийн зээл авсан байна.  Төрийн банк болон Хаан банкнаас 95 хувь нь зээл авсан байгаа. Хуулийн төсөл дээр нэлээн бодож шийдэл гаргах ёстой гэж үзэж байгаа. Цаана нь 192 мянган зээл аваагүй иргэдэд байгалийн баялгаас яаж тэгш хүртээх вэ гэдэг асуудлыг ярилцаад Салхитын мөнгөний ордыг ашиглах явцад бондоос өрийн бичиг гаргаж шийдвэрлэх талаар судалж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Байгалийн баялгийг ард иргэдээ ялгаварлалгүй олгох хэрэгтэй. Энэ асуудал Цэц рүү очих эрсдэл бий шүү. Хөгжлийн банк баталгаа гаргах эрхтэй. Засгийн газрын хуралдаанаар шийдээд Хөгжлийн банкинд үүрэг өгөөд явах боломжтой. Төрийн банкийг мөнгөжүүлж байна. Тун удахгүй Төрийн банк хувьчлагдана.

Энэ удаагийн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцлоо. 

Ингээд санал хураахад гишүүдийн 80.5 хувийн саналаар уг хуулийг хэлэлцэхийг дэмжлээ.

Ийнхүү хуулийн төслийг эхний хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

Хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг маргааш буюу нэгдүгээр сарын 9-нд хийх болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.