Сураггүй алга болсон бүсгүй хамгийн сүүлд МУБИС-ийн орчимд явж байгаа нь камерт үлджээ

Сураггүй алга болсон бүсгүй хамгийн сүүлд МУБИС-ийн орчимд явж байгаа нь камерт үлджээ

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр Коронавирусын талаарх мэдээлэл чих дөжиртөл гарч энэ их мэдээллийн сүүдэрт зарим үйл явдлууд дарагдаж орхигдсоны нэг нь сураггүй алга болсон н.Наранмандах бүсгүй юм.

Өнгөрсөн сарын 20-ын өдөр /2020.01.20/ Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны хөтөл дэх гэрээсээ "Дэлгүүр ороод ирье" гээд гарсан н.Наранмандах бүсгүй одоо болтол олдоогүй байна. Тэрээр өндөр настай ээж аавтайгаа амьдардаг бөгөөд тус өдөр 12:00 цагийн үед нэгж авахаар гарсан ч эргэж ирээгүй. Охины аав ээж нүдээ ширгэтэл хүлээж, аргаа барсны эцэст 21-ны өдөр цагдаад мэдэгдсэн ч одоог хүртэл сураг ажиггүй. Охиноо гэнэтхэн ороод ирэх болов уу гэсэн итгэл тээн залбирсаар...

Бид охины ээж Х.Одгэрэлтэй холбогдон асуухад “Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ч сураг гараагүй учраас арга ядан лам, бөөд үзүүлтэл хүний гарт, битүү газар байна гэж хэлсэн. Цагдаа нар камер шүүхэд МУБИС-ийн орчим хамгийн сүүлд бичигдсэн байна гэсэн.

Охин маань элдэв муу зуршилгүй, зан ааш сайтай хүүхэд. Бид утас дуугарах болгонд л охиноо юм болов уу гэсэн горьдлого тээн, яаран сандарсаар авч байна. Охин маань амьд, мэнд эрүүл саруул байгаасай гэж залбирахаас өөр хийж чадах юм алга даа” гэсэн юм.

Алга болсон н.Наранмандахын найз Д хэлэхдээ “Найз маань сургуульд байхдаа л олимпиад уралдаанд оролцдог, сурлага сайтай хүүхэд байсан. МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд урилгаар сурсан, элдэв муу зуршилгүй үлгэр жишээ даруухан бүсгүй. Алга болоод олон хонож байхад Цагдаагийн газраас арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүрлээ” гэсэн юм.

Харин Цагдаагийн Ерөнхий газраас “Эрэн сурвалжлах үйл ажиллагааг явуулж байна” гэсэн хариуг өглөө. Тэрээр гэрээсээ гарахдаа хар ногоон өнгийн малгайтай куртка, хар өмд, богино түрийтэй үдээстэй хар гутал өмссөн байжээ. Түүнийг харсан, сураг гаргасан хүн холбоо барьж, туслахыг хүсэж байна.

Нармандахын ээжийн дугаар: 9018-9100