Гарри Рассель: Миний туршлага түүнийг дийлсэн

Гарри Рассель: Миний туршлага түүнийг дийлсэн

Дэлхийн бокс сонирхогчдын удаан хүлээсэн Гарри Рассель, Н.Төгсцогт нарын сонирхолтой тулаан АНУ-ын Аллентаун хотын PPL спортын төвд болж өнгөрлөө. Энэхүү тулаанд АНУ-ын тамирчин WBC холбооны таван удаагийн аварга Гарри Рассель ялалт байгуулж, өөрийн “Аваргын бүс”-ээ хамгаалж үлдлээ.

Уг тулаан нэлээн ширүүн болж өндөрлөсөн бөгөөд сүүлийн раунд дээр хоёр тамирчин нэлээн цуцсан харагдаж байсан. Тиймээс ч мэргэжилтнүүд “Монголын өрсөлдөгч амархан байсангүй” хэмээн дурджээ.

Тоглолтын дараа Гарри Рассель “Маш хүчтэй өрсөлдөгч байлаа.Үүнийг би мэдэж байсан.Мэдээж бид гар, хурд, боксын IQ зэргээрээ өөр байлаа. Тэр олимпийн мөнгөн медалын эзэн байсан. Гэвч ердөө 11 тулаан хийсэн. Миний туршлага түүнийг дийлсэн юм” хэмээн мэдэгджээ.

Харин King Tug буюу Н.Төгсцогт хэлэхдээ "Энэ миний шөнө биш байлаа. Тэр өнөө орой надаас илүү байсан. Би сайн дуусгаж чадсангүй. Энэ миний алдаа” гэж хэлжээ.

Энэхүү тулааны дараа спорт бол хүндлэл гэдгийг хоёр тамирчин харуулж, хамтдаа зургаа авахуулсан байна. Энэ үеэр Гарри Рассель Н.Төгсцогтод хандан “Бэлтгэлээ сайн хийгээрэй. Чи удахгүй аварга болно. Би мэдэрч байна” гэж хэлсэн талаар албан бус эх сурвалжууд мэдээлжээ.

Н.Төгсцогтын фэнүүдийн  сэтгэгдлээс дурдвал:

-Энэ тулаан King Tug-н хувьд том алхам байлаа. Гэхдээ түүний хувьд жаахан эрт байна.

-Түүний хувьд том туршлага боллоо, тэр дараагийн жилүүдэд цол эзэмшигч болох болно.

-Спорт ийм л байдаг! Ялж, ялагддаг.Түүнийг зогсох болоогүйг сануулж байна

-Youre still the KING. It was a great LESSON. Дандаа дардан байна гэж юу байхав, харин ч улам хурцлагдаад эргээд ирнэ. Цаг байна, эрч хүч, зориг байна гэх мэтчилэн бичсэнийг гадаадын сайтууд онцолжээ.

Ямартай ч энэ үдэш Н.Төгсцогтын хувьд хүчтэй өрсөлдөгч байж, эсрэг талын олон хүнийг сандрааж чадлаа. Энэ тулаан бол түүний хувьд дөнгөж эхлэл, бас том туршлага байх болно.




ШУУД: ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна

19 цагийн өмнө

Шуурхай мэдээ