ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Цагаан сараар тэд “нөхөрт гарсан уу” гэх асуултад булуулж эмзэглэнэ

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Цагаан сараар тэд “нөхөрт гарсан уу” гэх асуултад булуулж эмзэглэнэ

Боловсролтой, амжилттай яваа Монгол бүсгүйчүүдэд нөхөр олдохгүй байна. Учир нь тэдэнд тохирох эрчүүд цөөн аж. “The Guardian” сэтгүүлд Лили Куо гэгч бүсгүй Монгол эмэгтэйчүүдийн талаар ийн бичжээ. Тэрээр Монголд яагаад ганц бие бүсгүйчүүд олшрох болсон, тэд яагаад гэрлэхгүй байгааг хэд хэдэн эмэгтэйчүүдийн ярианд үндэслэн нийтлэлээ бичсэн байна. Америкийн алдарт сэтгүүлийн хуудаснаа Монгол эмэгтэйчүүдийн талаар хэрхэн бичсэнийг сонирхуулъя.

-МОНГОЛЧУУД ОХИДЫНХОО БОЛОВСРОЛД АНХААРАХ БОЛЖЭЭ-

Улаанбаатар хотын төвд байрлах “UB Comedy” клубийн үзэгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байх аж. Цэвэр цэмцгэр, дэгжин хувцасласан тэдгээр бүсгүйчүүд шар айраг шимэн “комедиан” залуугийн үзүүлбэрийг шимтэн үзнэ. 

Комедиан залуу “Манай эмэгтэйчүүд үзэсгэлэнтэй шүү” гэж хэлэн тайзны урд суух цөөхөн харчуул руу толгой дохино.

“Гэхдээ зөвхөн найзууд байхад л тохирно” гэхэд дөрөв, тавхан эр инээж харагдав. Энэ бол Монголын дийлэнх баар, клубт анзаарч болох дүр зураг. Ямар ч газрын хаалгыг татсан тэнд Монгол эмэгтэйчүүд давамгайлах аж.

Охиноо айлын бэр болгон, хүнтэй суулгаад хэрхэн сайн гэрийн эзэгтэй байхыг заадаг байсан Монголчуудын ёс ард хоцорч, тэдэнд боловсрол олгохыг илүүд үзэх болжээ. Сүүлийн арваад жил Монголчууд охидынхоо боловсролд илүү анхаарч чанартай боловсрол эзэмшүүлэхийг эрхэмлэдэг болсон байна. Зарим эцэг эх хөгшрөх үед охид нь илүү халамж тавих учраас гэж, зарим нь мал маллах нь эрэгтэйчүүдийн ажил тул эмэгтэйчүүд боловсрол эзэмших нь зүйтэй гэж үзэх болсон нь хуучин Монгол шинэчлэгдсэний нэг жишээ бололтой.

Дээхэн үед эрэгтэйчүүдэд бүхий л хаалга нээлттэй байдаг байсан бол одоо боловсролын хаалга эмэгтэйчүүдэд илүү нээлттэй болж, Монгол эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээсээ илүү боловсролтой болсныг хаана ч харж болно. Тэд ажилгүйдэлд өртөх нь бага, дундаж наслалтаар эрэгтэйчүүдээсээ /дор хаяж 10 жил/ илүү байдаг.  Гэвч эндээс нэг зүйл ажиглагдсан нь Монгол эмэгтэйчүүдийн гэрлэлтийн асуудал.

-МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД БОЛОВСРОЛДОО АНХААРСААР ГЭРЛЭЛТИЙГ МАРТАЖ ОРХИСОН БОЛОЛТОЙ-

Тус улсын статистикийн газрын мэдээлснээр гэрлэлтийн төвшин 2007 онд 22,9 хувь байсан бол 2017 онд 8,9 хувь болж буурчээ. Учир нь Монгол эмэгтэйчүүд боловсролдоо анхаарсаар гэрлэлтийг мартаж орхидог бололтой.

Энэ хотод амьдардаг нийт эрчүүдийн 40 хувь нь гэр бүл зохиосон байдаг бол, эмэгтэйчүүдийн 32 хувь нь гэрлэсэн байдаг юм байна.

Эмэгтэйчүүд их сургуулиа төгсөөд магистрт сурна, цаашлаад доктор, докторант гээд боловсролдоо анхаарсаар эцэст нь гэр бүлийн талаар бодох сөхөөтэй болно. Гэвч тэдэнд “таарах боловсролтой эр олдохгүй байна” гэж гомдоллоно. Нийгэм судлаач Алимаа гэх бүсгүй “Монгол эмэгтэйчүүдэд багаас нь л боловсролтой, мэдлэгтэй байхыг зааж сургадаг. Нийгэм даяар 30 хүрэхээс өмнө гэрлэх ёстой гэсэн түгээмэл ойлголт байдаг ч, өөрийн зэрэгт хүрэх хэн нэгнийг олно гэдэг амаргүй” гэж хэлсэн юм.

Энэ нь нөгөөтээгүүр Монголчууд эрэгтэй хүүхдийн боловсролд бага анхаардагтай холбоотой. Эрэгтэй хүүхдийг багаас нь сургуулиас гаргаж морь унуулж, малд явуулна. Харин охидыг сургуульд сургаж, дээд боловсрол эзэмшүүлнэ. Бас 1990 оноос хойш социалист системээс ардчилсан систем рүү шилжихэд олон залуус ажилгүй болж, архинд оржээ. Ямар эмэгтэй боловсролгүй, архичин хүнтэй суухыг хүсэх билээ дээ.

32 настай Ц.Мандухайгийн хувьд АНУ-ын их сургуульд магистрын зэргээ хамгаалчхаад өөрийнхөө цагийн ажил хийдэг байсан Тайланд рестораныг худалдан авчээ. Ингээд илүү их ашиг олдог сүши баар болгон өргөжүүлсэн байна. “Бизнесийн энэ их амбиц, амжилтыг нь ойлгох, тэвчиж дэргэд нь үлдэх эрчүүд цөөн гэж” тэр ярина. “Манай найзууд намайг болзохдоо тэнэг хүн шиг л дуугүй, дөлгөөн бай гэж зөвлөдөг. Тэгэхгүй л бол эрчүүдийг айлгачих шахдаг юм” хэмээх тэр өнөө цагийн монгол эмэгтэйчүүдийн нэгэн төлөөлөл.

Монголчуудын дунд “Эмэгтэй хүн 30 хүрэхээсээ өмнө гэрлэх ёстой” гэсэн хэвшмэл ойлголт байдаг. Гэвч Монгол эмэгтэйчүүд өөрөөсөө илүү боловсролтой хүнийг хайж байна. Харин өндөр боловсролтой эрэгтэйчүүд цөөн аж. Учир нь Засгийн газраас ч тэр, гэр бүлээс нь ч тэр эрэгтэй хүүхдийн боловсролд төдийлөн анхаардаггүйтэй холбоотой.

Солонгосын сүлжээ “Cafe Bene” кофе шоптд ихэвчлэн эмэгтэйчүүд үйлчлүүлнэ. Зарим нь гар утсаа оролдоно, зарим нь ном уншиж зөөврийн компьютер дээрээ ажлаа амжуулна. Хаа сайгүй эмэгтэйчүүд давамгайлсан дүр зургийг та Монголд харж болно. Жил бүрийн Цагаан сарын баяраар “нөхөрт гарсан уу?” гэх асуултад “булуулж”, эмзэг сэдвээ хөндүүлдэг тухайгаа тэд хуваалцсан юм. Гэвч тэдэнд таарах нөхөр олдохгүй байна.

Эх Сурвалж: The Guardian