“Маргаашийн төлөө хамтдаа” уриатай “Монголын эдийн засгийн чуулган 2025” өнөөдөр /2025.07.08/ эхэллээ. “Монголын эдийн засгийн форум-2025”-д төр, хувийн хэвшлийн 4500 гаруй төлөөлөл оролцож байна. Монголын эдийн засгийн бодлого, хөгжлийн зорилт тодорхойлох хүрээнд найман асуудлаар хэлэлцэнэ.
-Байгалийн нөөцийг хариуцлагатай, үр ашигтай ашиглах,
-Чухал ашигт малтмалын түүвэр олборлолт, ил тод зохицуулалт,
-Тогтвортой засаглал, бодлогын уялдаа холбоо, институцийн чадавх,
-Санхүүжилт, хөрөнгө оруулалтын шинэ боломжууд,
-Дижитал шилжилт, технологийн хөгжлийг дэмжих нөөц бүрдүүлэх,
-Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хөгжил,
-Сэргээгдэх эрчим хүчний экспорт,
-Эдийн засгийн өсөлтөд гадаадын хөрөнгө оруулалтыг үр ашигтай татах гэсэн агуулгаар өнөөдөр Төрийн ордонд чуулж, хэлэлцэж байна.
Форумын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар “Төрийн албан хаагчдын тоог есөн хувиар цөөрүүлж, үр бүтээмжийг дээшлүүлж, эдийн засгаа хөгжүүлэх замаар эдийн засгийн төрөлжилт, ирэх 10 жилийн дотор ДНБ-ийг хоёр дахин өсгөх ёстой” гэв.
Харин хувийн хэвшил, бизнесийн салбарын төлөөллүүдийн зүгээс эдийн засгийн ирээдүйн чиг хандлага, хууль эрх зүйн орчныг сайжруулахад төр илүү ойр, ойлгомжтой, нээлттэй байх нь зүйтэй гэх байр суурийг илэрхийлж байна.
-ТӨРИЙН БҮТЭЦ ОЙЛГОМЖТОЙ, ТОДОРХОЙ, ЧАДВАРЛАГ, ЦОМХОН БАЙХГҮЙ ТӨЛ ХУВИЙН ХЭВШЛҮҮД ХУМИГДСААР Л БАЙХ БОЛНО-
Тухайлбал, “Bizcon audit” ХХК-ийн захирал Л.Отгонбаяр “Татварын хуулийг өөрчлөх шаардлагатай байна. Татварын хувь хэмжээг бууруулахгүй бол аж ахуйн нэгжүүд хумигдсаар байна. Энэ бол төсөв буурна л гэсэн үг шүү дээ. Мөн төрийн нүсэр бүтцийг бууруулах хэрэгтэй. Нүсэр бүтцийг бууруулахгүй бол хувийн хэвшлээ дарамтлаад байна. Ойлгомжгүй, тодорхойгүй байдлыг арилгах хэрэгтэй. Төрийн бүтэц ойлгомжтой, тодорхой, чадварлаг, цомхон байхгүй төл хувийн хэвшлүүд аз жаргалтайгаар бизнес эрхлэх боломжгүй болчхоод байна. Жишээлбэл, манай татварын байцаагч нар харилцаанаас эхлээд асуудалтай” гэлээ.
-ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ ЗАСГИЙН ГАЗРЫГ МАГТАН ДУУЛАХ ХЭРЭГСЭЛ БАЙСАН-
Эдийн засагч Б.Лхагважав “Энэ удаагийн эдийн засгийн форум 10 жилийн өмнөх байр суурин дээр буцаж ирж байна. Оюутолгойн гэрээнээс эхлээд бүх нийгмийн асуудлыг анхны чуулга уулзалтаар зааланд оруулж ирж байлаа. Эхний хоёр форум үр дүнгээ маш сайн өгсөн. Эрдэмтэд, мэргэжлийн судлаач, иргэний нийгмийн байгууллага гээд бүх хүн хэлэлцдэг байлаа. Харин түүнээс хойш эдийн засгийн форум Засгийн газрыг магтан дуулдаг болсон. Өнөөдрийн форум бол магтан дуулах Засгийн газаргүй учир органик чуулга болж байна. Учир нь шинэ Засгийн газар, шинэ бизнесийн орчин бий болсон. Өнөөдөр эдийн засаг хүнд байна. Төсвөө гурван их наяд төгрөгөөр танасан байна. Дахиад ч танах асуудал гарна. Өнөөдрийн форумаар бүгд бодит үнэнээ ярих ёстой. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталж чадаагүй хэвээр л байна. Энд тэр хуулийг яриад сууж байгаа нь үнэхээр онигоо” гэв.