Г.Дамдинням: "Алт" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БОУАӨ-ийн яамнаас шалтгаалах асуудал үлдсэн. Манай салбар үүнтэй холбоотой бүх ажлаа хийсэн

Г.Дамдинням: "Алт" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БОУАӨ-ийн яамнаас шалтгаалах асуудал үлдсэн. Манай салбар үүнтэй холбоотой бүх ажлаа хийсэн

Алт хөтөлбөрийн талаарх сэтгүүлчдийн асуултад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дараах тайлбарыг өглөө. 

Тэрбээр, "Хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэхэд манай аж үйлдвэрийн яам гол үүргийг гүйцэтгэнэ. Боловсруулах шатны үйлдвэрлэлүүдэд хөрөнгө оруулах ёстой. Үүнийг дагаад үйлчилгээний салбарууд хөгжиж байдаг учраас үүн дээр гол хөрөнгө оруулалтуудыг хийнэ. 17 мега төслийн ихэнх нь манай яаманд холбоотой. Уул уурхайн салбар бол ажлын байрыг хамгийн бага бий болгодог салбар. Гэхдээ уул уурхайн салбарыг дагасан үйлчилгээний болон боловсруулах үйлдвэрлэлүүд нь хамгийн их ажлын байрыг бий болгодог. Тэгэхээр бид ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээг бүтнээр нь харж бодлого хийх ёстой. Манайд алтны томоохон төслүүд бий. Эд нар дээр хайгуулын тусгай зөвшөөрлийг Засгийн газраас олгосон. Энэ төслүүд рүү бид анхаарах ёстой. Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны зүгээс эдийн засгийн идэвхжлийг сэргээх, ханшийн тогтвортой байдлыг хангах, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд яаралтай хөдөлгөж болох үндсэн чиглэлүүдийг оруулж ирж байна. УИХ-аас бидэнд чиглэл өгсөн тогтоол орж ирж байгаа. Одоо хэрэгжилтийн ажлыг явуулахад Байгаль орчны яамнаас асуудлыг Засаг руу оруулж, Улсын их хурлаас зөвшөөрөл авна. Алт хөтөлбөрийн талаар хийх ёстой бүх ажлаа манай салбар хийсэн. Одоо дараагийн шат руугаа орсон. Хэрвээ бид зөвшөөрөл өгвөл дэлхийн хамгийн шилдэг, аюулгүй нөхөн сэргээлтийн технологийг ашиглаад олборлож чадна. Гэхдээ бидний хөндөж болох болохгүй асуудал байдгийг тооцоолоод шийдвэрээ гаргах ёстой байх” гэлээ.