Хандивын мэдээллийг ЕТГ авч, Засгийн газраас бэлгийн 30 мянган хонийг цуглуулах ажээ

Хандивын мэдээллийг ЕТГ авч, Засгийн газраас бэлгийн 30 мянган хонийг цуглуулах ажээ

Манай урд хөрш БНХАУ-д коронавирусийн халдвар газар авч, тус улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга /2020.02.27/ тус улсад албаны айлчлал хийж, Монголын ард түмнээс 30 мянга хонь бэлэглэж байгаа тухайгаа БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэдэгдэж, гэрчилгээ гардуулсан явдал Монгол, БНХАУ-д төдийгүй олон улсын анхаарлын төвд ороод байна.

Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-ын дарга Ши Жиньпинд гардуулсан гэрчилгээндээ:

30000 хонь бэлэглэсэн тухай гэрчилгээ

"Айл хүний амь нэг

Саахалт хүний санаа нэг

Монгол ардын зүйр үг

Корона вирусийн халдварыг таслан зогсоож, эрсдэлт нөхцөл байдлыг даван туулахад эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлж, мөнхийн хөрш БНХАУ-ын ард түмэнд чин сэтгэлийн дэмжлэг болгон Монголын ард түмнээс 30,000 толгой хонь хандивлаж байна"

хэмээгээд Ерөнхийлөгч Х.Баттулга , УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар гарын үсгээ зуржээ.

Гэрчилгээ

Ерөнхийлөгч Х.Баттулгын гэнэтийн энэхүү мэдэгдэлд БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Хятадын Засгийн газар, ард түмэн коронавирусний тархалттай тэмцэх чиглэлд бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллаж буй энэ үед Монгол Улсын Засгийн газар, ард түмэн үнэ цэнтэй тусламжийг санал болголоо” гэж хариу талархал илэрхийлсэн байдаг. 

-ЗАСГИЙН ГАЗАР 30 МЯНГАН ТОЛГОЙ ХОНЬ БҮРДҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙЖЭЭ-

Мэдээж төрийн засгийн тэргүүнээс гарч байгаа шийдвэр, мэдэгдэл бол урдаас сайтар төлөвлөсөн ажил байдаг. Энэ дагуу БНХАУ-д бэлэглэх 30 мянган толгой хонийг манай Засгийн газар бүрдүүлэх ажилдаа нэлээн хэд хоногийн өмнө ороод байжээ. Ингээд Ерөнхийлөгч Х.Баттулга “БНХАУ-ын ард түмэнд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь бэлэглэж байгаа” тухайгаа Хятадын дарга Ши Жиньпинд мэдэгдэж, гэрчилгээ гардуулсан нь энэ байж.

Товчхондоо бүх зүйл өчигдрийг хүртэл төлөвлөгөөний дагуу явж байжээ. Гэтэл манай зарим ард иргэд олон зуун хонь хандивлаж байгаа тухайгаа төрийн байгууллага болоод албан тушаалтнууд руу утастаж, мэдэгдсэн байна. Иймд 30 мянган толгой хонь бүрдүүлэх үүрэгтэй ажилдаа ороод байсан Засгийн газар “иргэдийн хандиваар өгч байгаа хонийг цуглуулах” ажилтай болж хувирчээ. 

-ЕТГ-ЫН ДЭД ДАРГА Г.БАЙГАЛМААТАЙ ИРГЭД ХОЛБОГДОЖ “ХОНЬ ХАНДИВЛАХ” ТУХАЙГАА МЭДЭГДЭЖ БАЙГАА АЖЭЭ-

Манай улсаас БНХАУ-ын ард түмэнд бэлэглэж байгаа 30 мянган толгой хонь сүргийн нэлээдгүй хэсгийг манай зарим иргэдийн хандив бүрдүүлэх бололтой. 

Учир нь өнөөдрийн байдлаар Увс аймаг 1000, Булган аймаг 1500, Булган аймгийн АН 1500, Төв аймгийн малчин С.Гомбо-Очир 108, УИХ-ын гишүүн Б.Наранхүү 2000, Говь-Алтай аймаг 1111, Баян-Өлгий аймаг 1080, Баянхонгор аймгийн Галуут сум 300, Баянцагаан сум 100, АН-ын ЕНБД Ц.Туваан 30, Дундговийн иргэн н.Төмөрзүрх 20, Дорнодын Дашбалбарын сум 100, Дорнод аймаг Баяндун сумын малчин н.Батмөнх 100, Архангайн Цахир сумын малчин н.Гэрэлтцогт 20, Баян-Өлгийн аймгийн залуучууд 100, Баянхонгор аймгийн иргэн н.Дамдин 3, Төвийн аймгийн малчин н.Ширчин хүүхдүүдийн хамт 10, АН-ын гишүүн Ц.Жадамба 10, АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд 10, иргэн Г.Дамбадаржээ 10 толгой хонь БНХАУ-ын иргэдэд хандивлаж байгаа тухайгаа Ерөнхийлөгчийн Тамгын газар /ЕТГ/-ын дэд дарга Г.Байгалмаа зэрэг төрийн байгууллага, албан тушаалтнуудтай холбогдож мэдэгдээд байгаа ажээ. 

Иймд Ерөнхийлөгчийн Тамгын газар /ЕТГ/ хандив өгч байгаа иргэдийн мэдээллийг цуглуулж, харин Засгийн газраас иргэдийн хандиваар цуглаж байгаа олон мянган хонийг цуглуулах ажлыг зохион байгуулах бололтой.

Мөн Засгийн газрын зүгээс тус хандивын ажлыг Байгаль орчин аялал жуучлалын сайд Н.Цэрэнбат, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг /Д.Цогтбаатар тусгаарлагдсан тул/, ХААХҮЯ зэрэг байгууллагууд хариуцан ажиллаж байгаа юм байна. 




Н.Ганхуягийг Ардын цолоор шагналаа

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ