Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан энэ оны зургаадугаар сарын 18-нд болсон. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал, “17 жил царцсан “Хандгайт” зусланг ОХУ-тай хэлэлцсэний үр дүнд Монголын талд шилжүүлэн авах ажил эхэлсэн. Асуудал шийдэгдсэний дараа зусланг зориулалтын дагуу сэргээн засварлаж ажиллахыг Хотын дарга Б.Пүрэвдагвад үүрэг болгож байна” хэмээн хэлсэн байдаг.
ВИДЕО:
-ЕРӨНХИЙ САЙДЫН ХЭЛСНЭЭС ХАРАХАД “ХАНДГАЙТ” ЗУСЛАНГИЙН 19 ГА ГАЗАР ОХУ-ЫН ӨМЧЛӨЛД БАЙЖЭЭ-
“Хандгайт” зуслан нь албан ёсоор хэзээ баригдсан нь нарийн тэмдэглэгдэн үлдээгүй. Тэгвэл тус газрын эзэмшигчээр “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам” байдаг бөгөөд анх тус байгууллагын ажилчдын хүүхдүүдийг амраах зорилгоор анхлан байгуулагдсан түүхтэй. “Хандгайт” зусланд очиход ямар нэгэн хашаа гэх зүйлгүй, хуучирсан хэдэн модон байшин л байв. Хүүхдийн хичээлийн амралт эхэлчихсэн учир, хүүхдийн дуу цангинаж байх ёстой энэ үед орхигдсон, эзэнгүй байшин болж хувирчээ.
Анх тус зуслан хэдэн онд баригдсан нь тодорхойгүй байдаг бөгөөд 1980-аад онд баригдсан болов уу гэх таамаг байдаг.

Гэхдээ “Хандгайт” зуслангийн газар хэзээ, хэрхэн ОХУ-ын талд шилжсэн нь мөн л адил тодорхойгүй байгаа. Монгол Улсын нутаг дэвсгэрт ОХУ-ын талд байдаг газар нэлээдгүй олон бий. Монголд байгаа эдгээр ОХУ-ын үл хөдлөх хөрөнгө болон түүнд хамаарах газар үнэ төлбөргүй, хугацаагүй байсныг 99 жилийн хугацаатай олгох зэрэг асуудлыг энэ оны дөрөвдүгээр сарын 29-нд хаалттай хэлэлцсэн байдаг.
Хэлэлцээрийн төсөлд дурдсанаар Улаанбаатар, Чойбалсан, Эрдэнэт хотуудад байрлах 8 газар, 93 үл хөдлөх хөрөнгийн объектыг Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын /ЗСБНХУ/ нэр дээрээс ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгүүлэх шаардлагатай байгаа аж.

Хэлэлцээрийн төсөлд дараах 7 үл хөдлөх хөрөнгө хамрагдаж байна.
- Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлах Аэрофлотын барилга /хэсэг/, эдэлбэр газрыг ашиглах эрх,
- Дорнод аймгийн Хэрлэн сумын төвд байрлах Захиргаа аж ахуйн барилгын цогцолбор, эдэлбэр газрыг ашиглах эрх,
- Орхон аймгийн төвд байрлах албан контор, орон сууц, аж ахуйн барилгын цогцолбор,
- Нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах орон сууцны 56 байр /нийтийн орон сууцны доторх/,
- Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах Худалдааны төлөөлөгчийн газрын барилга байгууламжийн цогцолбор, эдэлбэр газрыг ашиглах эрх,
- Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах Сүмийн барилга, спорт заал, гаражийн цогцолбор, эдэлбэр газрыг ашиглах эрх,
- Плехановын нэрэмжит сургуулийн барилгын цогцолбор, эдэлбэр газрыг ашиглах эрх.
Дурдсан нь долоо ч Оросуудын барьсан барилгууд газартайгаа хамт ОХУ-ын хөрөнгө болдгийн нэг жишээ “Хандгайт” зуслан болж байна.

-УБТЗ-ЫН ДАРГА АСАН Л.ПҮРЭВБААТАР “ХАНДГАЙТ” ЗУСЛАНГИЙН ГАЗРААС НЭР БҮХИЙ 11 ХҮНД ЭЗЭМШҮҮЛЭХЭЭР ХҮСЭЛТ ГАРГАЖ БАЙСАН-
Л.Пүрэвбаатар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ын ашиглаж буй “Хандгайт дахь хүүхдийн зуслан”-гийн эдэлбэр газраас нэр бүхий хумүүст газар хуваарилан шилжүүлэхээр 2016 оны есдүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хүсэлт гаргаж байжээ. Ингэхдээ Л.Пүрэвбаатар Хандгайт дахь хүүхдийн зусланг шинэчлэх төсөл боловсруулж “Хандгайт хүүхэд залуучуудын спорт-амралтын цогцолбор” өргөжүүлэхээр төлөвлөж байна гэсэн ч үндсэн зорилго нь Хандгайтын зуслангийн эдэлбэр газраас байгууллагын өндөр настан, албан хаагчдад зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн тухайгаа бичсэн байгаа юм.

-АТГ ГАЗРААС “АНХ “ХАНДГАЙТ” ЗУСЛАНГ 30 ГА ГАЗАРТАЙ БАЙСАН Ч ОДОО 19 ГА ГАЗАР ҮЛДСЭН” ГЭЖ МЭДЭГДСЭН-
Уг хүсэлт гаргаснаас сарын дараа хүсэлтээ буцаан авахаар талаар мөн адил Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хүсэлт гаргасан. Эргэж буцсан энэ олон шйдвэрүүдийн алиных нь талд “Хандгайт” зуслангийн эдэлбэр газрыг шийдсэн нь тодорхойгүй байсан ч энэ оны тавдугаар сарын 26-нд “Хандгайт” хүүхдийн зуслан нь “Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эзэмшилд байх бөгөөд хүүхдийн зуслангийн газрын хэмжээ анх 30,6 га байсан бол одоогийн байдлаар 19,7 га болж багассан байна. Тухайн хүүхдийн зуслангийн газраас мод үржүүлгийн болон гэр бүлийн хэрэгцээнд нэр бүхий иргэдэд эзэмшүүлж байгааг нарийвчлан шалгаж байна” хэмээн АТГ-аас мэдэгдээд буй.
Тэгвэл “Хандгайт” зуслангийн алдагдсан 10.9 га газрыг УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар авсан байж болзошгүй байна. Ямартай ч энэхүү зуслан ОХУ-ын талаас буцаад Монголын тал руу шилжүүлэхээр болж байгаа ч эзэнгүй “балгас” болсон зусланг засах, мөн алдагдсан 10.9 га газрын эрэлд гарах шаардлагатай байна.


