Японд үйлдвэрлэсэн ханиадны эм коронавирусийн өвчлөлийг эмчлэхэд үр дүнтэй байгааг Хятадын талаас мэдэгджээ

Японд үйлдвэрлэсэн ханиадны эм коронавирусийн өвчлөлийг эмчлэхэд үр дүнтэй байгааг Хятадын талаас мэдэгджээ

Японы "Fujifilm" компанийн үйлдвэрлэсэн "favipiravir" хэмээх ханиадны эм коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчлэхэд сайн үр дүнтэй байгааг Хятадын шинжлэх ухаан, технологийн яамны төлөөлөгч Жан Шинмин мэдэгджээ. Тус эмийг Ухань, Шэнжэнь хотуудад нийт 340 өвчтөн дээр туршсан байна.

Шэнжэний эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнүүд эмийг ууснаар дунджаар дөрөв хоногийн дараа бүрэн эдгэрч байжээ. Харин эмийг хэрэглээгүй өвчтөнүүд дунджаар 11 хоногийн дараа эдгэрч байжээ.Үүнээс гадна favipiravir эмийг хэрэглэсэн өвчтөнүүдийн 91 хувийнх нь уушгины нөхцөл байдал эмчилгээний дараа сайжирсныг компьютер томографийн зураг харуулсан байна.

Эмийн нөлөөний талаар Жан Шинмин “Энэ эм сөрөг нөлөө маш багатай, эмчилгээний үр дүн сайтай байгаа нь туршилтаас харагдлаа” гэж мэдэгджээ. 

Тус эмийг Fujifilm Toyama Chemical компани 2014 оноос эхлэн үйлдвэрлэж байгаа бөгөөд Жан Шинминий мэдэгдлийн дараа тус компанийн хувьцааны үнэ 14.7 хувиар өсөж, 5,207 иений үнэ хүрчээ.

Япон улсын эмч нар тус эмийг коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд хэрэглэн туршиж байгаа ч тус улсын эрүүл мэндийн яам хүнд өвчилсөн хүмүүсийг уг эмээр эмчлэхэд үр дүн муутай байгаа талаар мэдэгджээ.

Түүнчлэн эмийг өргөн хүрээнд хэрэглэхэд засгийн газрын зөвшөөрөл хэрэгтэй юм байна.

Эх сурвалж:The Guardian