Г.Дэнзэн давж заалджээ

Г.Дэнзэн давж заалджээ

ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг 137.1 төгрөгийн хохирлыг улсад учруулсан гэх хэргийг нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд  хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хариуцлагаас чөлөөлсөн. Гэхдээ улсад учруулсан 137.1 сая төгрөгийг нь гаргуулахаар шийдвэрлэсэн билээ.

Анхан шатны шүүхийн эл шийдвэрийг үл зөвшөөрч шүүгдэгч Г.Дэнзэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг өчигдөр хэлэлцлээ. Улмаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар НПГ-т буцаав. Ингэхдээ шинээр мөрдөж буй Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нийцүүлэн, хөөн хэлэлцэх хугацаагүй болсон учраас дахин яллах дүгнэлт үйлдүүлэхээр шийдвэрлэсэн бололтой.

Тэрбээр “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгслийг жинлэх 150 тоннын даацтай хэмжилтийн пүү худалдан авах тендерийн үнэлгээний хорооны даргаар ажиллаж байхдаа  эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх хэрэгсэл болгож, төрсөн эгч Г.Улзмаа, найз Н.Энхболд нарын нэр дээр байгуулсан, өөрийн хамаарал бүхий “Эн Ай Ди Би” ХХК-ийг сонгон шалгаруулж, 2010 оны зургадугаар сарын 28-нд 135.3 сая шахам төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан байна.

Улмаар пүүний үндсэн эд ангиудын үнэ эрс нэмэгдсэн гэх үндэслэлээр мөн оны есдүгээр сарын 16-нд үнийн дүнг өсгөж, 199.7 сая гаруй төгрөгийн дүнтэй нэмэлт хийжээ. Түүнийг шаардлага хангахгүй пүүг өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж төрд шахсан гэх хэргээр ийнхүү шүүжээ.