Ж.Энхбат: Усан оргилуур барих ажлыг төсөв хэлэлцэх үеэр огт яриагүй. С.Амарсайхан гэнэт захирамж гаргаад шийдчихсэн

Ж.Энхбат: Усан оргилуур барих ажлыг төсөв хэлэлцэх үеэр огт яриагүй. С.Амарсайхан гэнэт захирамж гаргаад шийдчихсэн

Сүхбаатарын талбайн урд байрлах 1.6 га талбай бүхий “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-г  засварлах ажил уржигдар /2020.04.01/ эхэлсэн ч зарим иргэд “мод тайрч, ногоон байгууламж сүйтгэх гэлээ”, “хямралын үед мөнгө үрэх гэлээ” хэмээн шүүмжилсний улмаас түр зогсоогоод байна. Мөн НИТХ дэхь АН-ын бүлгээс Хотын дарга С.Амарсайханыг ач холбогдол багатай ажилд улсын төсвийн 3.2 тэрбум төгрөгийг үрэх гэж буй үйлдлээ зогсоохыг шаардаж байгаа юм.

Уг ажлыг эсэргүүцэж буй иргэдийн төлөөлөл өчигдөр тус цэцэрлэгт хүрээлэнд очиж бүтэн өдөржин суулт зарласан.

Тэд хэлэхдээ “Нийслэлийн төсөв одоогийн байдлаар 100 тэрбум төгрөгөөр тасарч, цаашдаа 350 тэрбум төгрөгт хүрч болзошгүй байхад 3.2 тэрбум төгрөг гарган Сүхбаатарын талбайн “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-д усан оргилуур, нойл барих шаардлагагүй гэж үзэж байна.  Хамгийн ноцтой нь одоогийн ногоон байгууламжийг эвдэх гэж байна. 80 жилийн түүхтэй ногоон байгууламжийг эвдэж байхаар өөр газарт усан оргилуураа барьж болно” гэсэн юм.

Эсэргүүцэж буй иргэдийн төлөөлөл Ж.Энхбаттай ярилцаж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.

-УСАН ОРГИЛУУРЫГ БАЯНХОШУУ, ДЭНЖИЙН 1000, НОГООН
НУУР ЮМ УУ ӨӨР ГАЗАРТ ХИЙ Л ДЭЭ-

-Бидний зогсож газарт усан оргилуур, хоёр ширхэг нойл барих гэж буйг та эсэргүүцэж, тэмцэл өрнүүлж байна. Хотын дарга С.Амарсайханыг захирамжаа цуцлахгүй бол та бүхний тэмцлийн дараагийн хэлбэр юу байх вэ?

-Намайг Жаргалсайханы Энхбат гэдэг. Чингэлтэй дүүргийн иргэн. Улаанбаатар хотын төв цэг буюу Сүхбаатарын талбайн урд талын “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-д усан оргилуур болон нойл барих захирамжийг Хотын дарга С.Амарсайхан гаргасан. Өнөөдөр Улаанбаатар хотод нэн тэргүүний тулгамдсан асуудал энэ биш. Тодруулбал, олон улсын жишигт нийцсэн хоёр нийтийн нойл, усан оргилуур барих шаардлага бий юу, та бүхэн боддоо. Дэлхий даяар коронавирусийн халдвартай тэмцэж байна. Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн бодит хямрал нүүрлэж, манай хувийн хэвшлийнхэн хаалгаа барьж, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй нөхцөл байдалтай байна. Ажилчид өнгөрсөн сараас цалингүй гэртээ байсан. Өрх бүр банкны зээлээ төлж чадахгүйд хүрсэн.

Энэ мэт улс даяараа эдийн засгийн хэмнэлтийн горимд шилжсэн үед хотын удирдлагууд дэлхийн жишигт нийцсэн хоёр нийтийн жорлон, усан оргилуур барих мөнгөнд 3.2 тэрбум төгрөгийг зарах гэж байна. Энэ захирамжаа хүчингүй болгохыг бид шаардаж байна. Бидний жагсаж, тэмцэх чухал биш ээ. Иргэдийнхээ үгийг сонсохгүй, чихгүй удирдлагууд байгаа нь асуудал юм. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төрийн гурван өндөрлөг уг асуудлыг анхааралдаа авч ард иргэдээ сонсооч хэмээн хүсч байна. Улаанбаатар хотын нийт иргэдээс онлайнаар санал авахад л болно шүү дээ. Иргэд энэ төслийг өөр газарт хэрэгжүүл гэх нь үү эсвэл ногоон байгууламж сүйтгэж, жорлон барь гэх нь үү сонсоё. Заавал муйхарлаж, сонгуулийн өмнө иргэдийг бухимдуулах шаардлага байна уу. Энэ байж болзошгүй, увайгүй үйлдэл. Эрдэмтэд модыг хөрснөөс нь салгаж болохгүй харин сэргээн засах шаардлагатай гэх дүгнэлт гаргасан. Тиймээс дүгнэлт болон шаардлагаа Ерөнхий сайдад өчигдөр өгсөн. Бас л эрдэмтдийнхээ үгийг сонсохгүй байгаа. Шаардлагыг нь хүлээн авах эсэх нь Ерөнхий сайдын асуудал. Хариу ирүүлэх байх хэмээн хүлээж байна.

-ДҮҮРГИЙН ЦАГДАА НАР МИНИЙ ГАР УТСЫГ
БУЛААЖ АВЧ ЭВДЭЛСЭН-

-Таны хувьд усан оргилуурыг хонхтой цэцэрлэгт хүрээлэнд бус өөр газарт барих ёстой гэж шаардаад байгаа юм уу?  

-Иргэн хүнийхээ хувьд уг ажлыг олон талаас нь харж байна. Бүтээн байгуулалтын ажлыг битгий хий гэж хэлээгүй. Хэрэгжүүлэх газар олон байна. Баянхошуу, Дэнжийн 1000, Таван буудал, Ногоон нуурт энэ усан оргилуурыг барьж болно шүү дээ. Ботаникийн цэцэрлэг эсвэл Цэцэрлэгт хүрээлэнд барь л даа. Хийх газар маш их. Заавал энд жорлон барих ямар шаардлага байна. Төмөр замын ажилчдын цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж болно. Мөн Барс захын урд талын талбайд усан оргилуур барьж, тохижуулж болно шүү дээ. Энэ сайхан ногоон байгууламжийг сүйтгэж усан оргилуур барина гэдгийг л эсэргүүцэж байгаа юм. Иргэн хүнийхээ хувьд хотын дарга С.Амарсайханы шийдвэрийг эсэргүүцэж өчигдөр шууд бичлэг /live/ хийж үзэл бодлоо илэрхийлсэн. Гэтэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн алба хаагчид намайг дээрэлхэж, хөл гарыг минь өчиж баривчлахыг оролдсон. Гар утсыг минь булааж авч, эвдэлсэн. Тиймээс би холбогдох дээд шатны байгууллагад нь гомдол гаргаад явж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод юу хэрэгтэй, ямар ажил хийх шаардлагатайг иргэдээсээ асууж болно шүү дээ. Ногоон байгууламж сүйтгэж, жорлон барь гэсэн саналыг иргэдийн зүгээс лав өгөөгүй байх.

-ХОГИЙН ЦЭГ БОЛЧИХСОН УСАН ОРГИЛУУРУУДАА ТОХИЖУУЛААЧ -

-Салбарын эрдэмтэдийн санал, дүгнэлтээ гаргасан. Тэд “Эндхийн модыг хөрснөөс салгаж болохгүй.  Залуу мод учраас хөрснөөс салгавал дахин ургахгүй” гэсэн дүгнэлт гаргасан гэсэн. Эрдэмтдийн дүгнэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Агрономич болон хөрс, модлог ургамлын талаар судалгаа шинжилгээ хийдэг 26 доктор, профессор ногоон байгууламжийг шилжүүлэн суулгахыг эсэргүүцсэн дүгнэлт гаргасан. Эрдэмтэд хүлээн зөвшөөрөхгүй байна. Модыг шилжүүлэн суулгах явцад цаг хугацаа алдана. Тэр хооронд залуу мод, бут сөөгүүд үхэх эрсдэлтэй.

Хөрс болгон өөр. Яг энэ хэсэг ногоон байгууламжийг ургуулдаг хөрстэй юм байна. Тэгэхээр газрыг хуучнаар нь байлгах, мод нэмж тарих, цэцэрлэгжүүлэх ажлыг хийхийг эрдэмтэд зөвлөсөн. Хэрвээ шилжүүлэн суулгавал модны 80 хувь нь эргэж ургахгүй гэсэн дүгнэлт гаргасан. Мөн хөрсний онцлогоос нь шалтгаалж эндхийн модыг сэргээн засах шаардлагатай гэсэн. 80 жил энэ модыг тарьж, арчилж, ургуулж, ногоон байгууламжийг бий болгосон хүмүүс дүгнэлтээ хэлээд байна шүү дээ. Зөвлөөд байхад л зөвлөгөөг нь сонсохгүй юм. Аз жаргалтай хотын удирдлагууд иргэдээ аз жаргалгүй болгоод байна. Захын хорооллын айлууд хүүхдээ цэцэрлэгт өгөхийн тулд сугалаанд хамрагдуулж байна. Тэдний зарим нь хүүхдээ цэцэрлэгт оруулж чаддагүй. Цэцэрлэгт орж чадахгүй хүүхэд гэртээ цоожлогдоно. Цэцэрлэг барих нэн шаардлагатай дүүрэг, хороод их байна шүү дээ. 3.2 тэрбум төгрөгөөр гурван цэцэрлэг барина. Гурван сарын хугацаанд ашиглах усан оргилуурыг барихын тулд заавал хүнд хэцүү үед мөнгө гарлагадаж яах гээд байгаа юм. Ядаж цэцэрлэг барих хэрэгтэй шүү дээ.

-Улаанбаатарт баригдсан усан оргилуурууд одоо хэр сайн ажилладаг юм бол. Та бүхэн судалж үзсэн үү?

-Бүх усан оргилуур хогийн цэг болчихсон. Тоногдчихсон, пилта нь хагарч, төмрийг нь хулгайлж аваад тушаачихсан шүү дээ. Ядаж л эргэн тойрны сандлуудыг нь сугалж аваад явчихсан байна. Ядаж тэр усан оргилууруудаа сэргээн зас л даа. Сэлбийн голын орчмыг тохижуулах нэх гоё зураг төсөл гарсан. Санхүүжилтгүй зогсчихлоо л гэж байсан. Ядаж тэр төслөө санхүүжүүлж болно шүү дээ.

-ЯАГААД ТӨСВИЙН ХУУЛИЙН ДАГУУ ТЕНДЕР ЗАРЛААГҮЙ ЮМ-

- 3.2 тэрбум төгрөгтэй холбоотой ямар нэгэн хардлага байна уу. Нэмээд асуухад, энэ ажлыг гүйцэтгэх тендер зарлаагүй гэсэн?

-Хууль эрх зүйн хувьд маш олон талын хардлагыг төрүүлж байгаа. Яагаад төсвийн хуулийн дагуу нээлттэй тендер зарлаагүй юм. Яагаад нийслэлийн харьяа байгууллага гүйцэтгэгчээр ажиллах гэж байгаа юм.

-Нийслэлийн 2019 оны төсвийг батлах үеэр энэ ажилд мөнгө төсөвлөгдсөнг та бүхэн мэдээгүй юу?

-Нарийн мэдээлэл огт өгөөгүй. Задаргааг өгөөгүй гэсэн үг. Нийслэлийн хот тохижилтын ажилд зарцуулна гээд 42 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тэгснээ сая гэнэт захирамж гаргачихлаа.

-Хотын дарга С.Амарсайхан мэдээлэл хийгээд усан оргилуур хийх ажлаасаа ухрахгүй гэж мэдэгдсэн. Тэр бүү хэл энэ газартай холбоотой, эрх ашгийн зөрчилтэй хүмүүс уг ажлыг эсэргүүцээд байна гэсэн. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Биднийг үзэл бодлоо илэрхийлсний төлөө намайг газар эзэмшигчтэй холбоотой, мөнгө авсан гэж ярьсан. Энэ мэдээллийг гаргасан хэвлэлийнхнийг газрын маргаантай хүмүүстэй холбоотой авлигал, хээл хахууль авсан гэж зарлалаа. Хотын удирдлагууд баримт нотолгоотой байж иргэд болон хэвлэл, мэдээллийн байгууллагыг хардах хэрэгтэй. Буруу ойлголт өгөх зорилгоор бид нарыг харлуулж буйд маш их харамсаж байна. Хотын удирдлага нь бид нарын аав шүү дээ. Аав хүн хүүхдүүдээ харж, хандах ёстой болохоор өөдөөс нь хараад нулимж, алгадаж болохгүй биз дээ. Ер нь хоноцийн сэтгэлгээтэй Хотын удирдлагуудтай хол явахгүй юм байна. Мод тарьдаг биш тайрдаг удирдлагуудтай болжээ. Хотын хөгжлийн асуудлаар иргэд саналаа гаргаж байхад огт авч хэлэлцэхгүй мөртлөө өөрсдөө ширээ тойрч суугаад шийдвэр гаргаад байдаг нь дэлхийн хөгжилт огт нийцэхгүй.

-Та бүхнийг Сүхбаатарын талбайгаас явахыг цагдаа нар шаардаж байгаа юм уу?

-Цагдаа нар биднийг энэ цэцэрлэгт хүрээлэнгээс хөөж гаргаж байна. Тиймээс бид хэвлэлээр дамжуулж бодит мэдээллийг л хүргэхээс өөр аргагүй боллоо. Бид хаана ч үгээ хэлэх эрхгүй болчихлоо.

-Ардчилсан намыг уг асуудлаар улс төрийн оноо авах ажил хийж, эсэргүүцэж байна гэх шүүмжлэл байна. Энэ үнэн үү?

-Тийм зүйл байхгүй. Чингэлтэй дүүрэгт өссөн хүнийхээ хувьд үгээ хэлсэн юм. Гэтэл “Чи тэр аавтай, тийм намын хүн” гэж хэлээд ялгаварлан гадуурхаж байна. Хотын удирдлагууд иргэдийг өдөөн турхирч, нийгмийн сэтгэл зүйг өөрчлөхийн тулд увайгүй үйлдэл гаргаж буйд нь харамсаж байна.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө