С.Чинзориг: Цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх журмыг баталлаа

С.Чинзориг: Цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх журмыг баталлаа

Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулж байна.

Тэрээр " УИХ-аас Цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой тогтоол гаргаж, нийгмийн даатгалаас иргэн, аж ахуйн нэгжийг чөлөөлөх болон санхүү нь хүндэрсэн аж ахуйн нэгжийн ажилтнуудад гурван сарын хугацаанд 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Үүнтэй холбоотой журмыг Засгийн газраас өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, баталлаа.

Тус журмаар дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд НДШ-ээс чөлөөлөх, дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-н хүртэл үйл ажиллагаа нь доголдсон, ажлын байраа хадгалж байгаа ААН-ийн ажилтнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх харилцааг зохицуулсан. 

  1. Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагаас бусад ААН, хамаарна.
  2. Төрийн бус байгууллага үүнд хамаарна.
  3. Өмчийн хэлбэр үл хамааран бүх их, дээд сургуульд хамаарна. 

Дээрх байгууллагын ажилчид болон сайн дураар даатгал төлөгчид хөнгөлөлтөд хамаарна. 

Зургаан сарын хугацаанд иргэдийн 1-3 дугаар сард төлж байсан нийгмийн даатгалын дунджаар нь НДШ төлсөн хэмээн дэвтэрт нь бичилт хийнэ. Мөн ААН, байгууллагын дээрх хугацаанд төлсөн дүнгийн дунджаар чөлөөлнө.

Хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд НДШ-ээс чөлөөлөхөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлснөөр тооцогдоно. Мөн энэ хэмжээнээс дээш дүнгээр НДШ-ээ төлөх бол зөрүү мөнгийг өөрөө төлж, бичилтээ хийлгэх боломжийг бүрдүүлсэн. Ирэх долоо хоногт НДЕГ Татварын ерөнхий газраас мэдээлэл авч, арга хэмжээг дөрөвдүгээр сард багтаан зохион байгуулна.

Үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурсан ч ажлын байраа хадгалж байгаа ААН, байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд багтана.

Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй ААН, байгууллагыг хамруулах эсэх тухай заалт хуульд байхгүй. Харин торгууль, алданги тооцохгүй гэж орсон. Өртэй л гэдгээрээ тэмдэглэгдээд явна.

45,000 орчим ажил олгогч, 700,000 ажилтан 800-900 тэрбум төгрөгийн НДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлнэ.

Бидний тооцоолсноор 45 мянга орчим ААН, 700 мянга орчим даатгуулагч хамаарагдана. 900 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ гэсэн тооцоололтой байна. Монгол Улсад 1.1 сая орчим ажилтан бий." гэлээ.